"Гэмт буруутайг нь тогтоолгүй цагдан хорьдог байдлыг зогсооно"
2023.03.21
Хууль, эрх зүй

"Гэмт буруутайг нь тогтоолгүй цагдан хорьдог байдлыг зогсооно"

Шүүх, прокурорын байгууллагаас хэрэгт холбогдон шалгагдаж буй хүмүүсийг хууль зөрчин шууд хорих болсон талаар олон нийт шүүмжилж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.


-Сүүлийн үед таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шууд хорьдог боллоо гэсэн шүүмж байна. ХЗДХЯ-наас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Ямар өөрчлөлт оруулах вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг сонгох хууль эрх зүйн болон техникийн боломжийг бид хаврын чуулганаар бий болгохоор зорьж байна. Гарцаа байхгүй бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, эх орноосоо урвах төрийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаагаас бусад тохиолдлуудад тухайн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээний цагдан хорих төрлийг сонгохгүйгээр зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдлаар хуулийг өөрчлөн найруулж байгаа гэж ойлгож болно. Та бүхэн мэдэж байгаа. ХЗДХЯ ямар нэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй. Гагцхүү улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн шинэчлэл хийдэг бодлого гаргадаг. Энэ хүрээндээ бид бодлогын шинэчлэл ёстой юм.

-Хуульд оруулж байгаа онцлог нэмэлт, өөрчлөлт нь юу вэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн боловсруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэд хэдэн шинэчлэл хийнэ. Тухайлбал, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэн шуурхай явуулах, улмаар хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс зайлшгүй тохиолдолд мөрдөгч техник технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр хэргийн оролцогч нараас мэдүүлэг авах, авсан мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх, түүнчлэн эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулсан лавлагаа, тодорхойлолтыг нотлох баримтад тооцох зохицуулалтыг хуульчилна. Эхний ээлжинд бид зөрчил шалган шийдвэрлэх цахим хэлбэрт шилжүүлж байгаа.

Чингэлтэй дүүргийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий алба хаагчид өөрсдийн таблет дээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, цаасан суурьгүй, прокуророос очиж зөрчлийн дугаар авахгүй, хэргээ биечлэн явж хянуулдаг явдал үүгээр арилж байна гэж болно. Монгол Улсын хэмжээнд 11 мянга орчим зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан байгаа. Энэ хүмүүсийг цаашид 100 хувь цахимаар хэрэг хянан шийдвэрлэдэг болох бүх техникийн программ хангамж шийдэгдсэн. Энэ ажил амжилттай болсны дараа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим хавтаст хэрэг нээх, цахимаар эрүүгийн хэргийн дугаар авдаг хэлбэрт шилжихийг зорьж байна. Энэ нь хүний эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг богиносгох, хүний эрхийг зөрчил дутагдал гаргахгүй байх боломж нөхцөл бүрдүүлнэ.

-Гэмт буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорьдог энэ байдал таслан зогсоогдоно гэж ойлгож болох уу?

-Тийм. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн хоригдож байна. Энэ тоог цөөлнө. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөө батлуулж, энэ оны хоёрдугаар хагасаас мөрдөж эхлэх боломжтой. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад түшиглэн техник, программ хангамжийн бүх шийдлээ гаргасан. Өнөөдөр улсын хэмжээнд 1400 гаруй хүн цахим бугуйвчтай ажил хөдөлмөрөө эрхлэх, сурч боловсрох эрхээ эдлээд нөгөө талаасаа шүүхийн шийдвэрээр оногдуулсан төрийн ял шийтгэлийг технологийн хөгжилтэй нийцүүлэн эдлэж байна. Цаашид таны хөндөж тавьдаг цагдан хорих асуудлыг маш бага түвшинд аваачихын тулд ХЗДХЯ ийм хуулийн төсөл өргөн барьж байна.

-Зарим гишүүдийг бүрэн эрхийг түтгэлзүүлж байж шалгах шаардлагатай гэж АТГ-аас УЕПГ/Улсын Ерөнхий прокурорын газар/ руу бичиг өгүүлсэн гэсэн. УИХ-д энэ талаар мэдэгдсэн үү?

-Энэ тухай мэдээлэл надад алга. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Уг асуудлыг хэлэлцэхээр бол хамгийн түрүүнд төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. УЕПГ-аас энэ талын мэдээллийг авах нь зүйтэй байх.

ШИНЭ МЭДЭЭ