2023.03.23

Ж.Батжаргал: Уул уурхайн экспортоос орж ирэх ёстой орлого яагаад Монголд орж ирэхгүй байна вэ

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

2022 оны Засгийн газрын зорилт, хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтүүдийг ярьж байна. 2022 он бол Ковид, зэвсэгт мөргөлдөөн, дэлхийн том гүрнүүд хоорондын эдийн засгийн хориг зэргээс энгийн амьдрал руу шилжсэн он байсан. Ийм учраас бүх зүйл ,дэвшүүлсэн зорилтоо санаж бодсноороо хэрэгжүүлэх гадаад, дотоодын нөлөөлөл тааруу байсныг ойлгох хэрэгтэй. Ийм хүнд үеийг боломжийн түвшинд давж байна уу гэж харж байгаа.

Эрүүл мэндийн салбартаа эрүүл мэндийг дэмжих төвүүдийг орон нутагт байгуулсан, эрт илрүүлгийн нэгжүүдийг бий болгож авсан. Цэцэрлэгийн асуудалд алхмууд хийлээ. Аж ахуй бизнесийн салбар тэр дундаа хүнс хөдөө аж ахуйн салбартаа үндэсний хөдөлгөөн өрнүүлж өмнөх жилүүдэд төдийлөн үр дүн гардаггүй байсан зүйлд ахиц, нааштай үр дүнг бий болгосон он жил байлаа.

Гэхдээ 2,3 зүйлийг харах ёстой. Мэдээллийн сан, статистик мэдээлэл, тайлан мэдээллүүдийг нэгтгэж, удирдлага, төлөвлөлт, хяналтын хэрэглэгдэхүүн болгож ашиглах талд бид нар бага ажиллаад байна. Нөхцөл цагийн байдалдаа зөв үнэлэлт өгч, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ илүү нарийсгаж, тодорхой болгож ажиллахад яах аргагүй цаг үеийн ажил асуудлын мэдээ мэдээлэлд дүн шинжилгээ хйиж юун дээр анхаарах вэ гэдэг нь тодорхой гарах ёстой. Үүнийг бүх салбар дээр тэгш биш явсангүй гэж хараад байна.

Мэдээж 300 зорилтоос 100 гаруйд нь асуудал байна. Гэхдээ энэ зорилтуудын цааана улс орны эдийн засгийн хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхтэй холбоотой том зорилтууд байсан. Одоо эдгээр зорилтуудыг 2023 онд үргэлжлэн хэрэгжүүлэх бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг сайн хангаж ажиллах ёстой. Тиймээс гурван том баримт бичгийн гүйцэтгэлийг сонсож байгаа Их Хурал тодорхой үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой. Үүнийг зориуд тэмдэглэн хэлмээр байна.

Валютын нөөц ханшийн өсөлтийн асуудал байна. Уул уурхайн салбар экспортын 94%-ийг эзэлдэг. Энэ салбараас орж ирэх ёстой орлогууд яагаад бүрэн орж ирэхгүй байна вэ? Эрдэнэс Тавантолгой компани баахан урьдчилсан төлбөртэй /бартер/ гэрээнүүд хийсэн. Үүнээс болж мөнгө нь орж ирэхгүй, энэ хэмжээгээр валютын ханшны нөөцийг үймүүлээд байна. Нөгөө талд Оюутолгой гэж Монголын заяагдмал баялаг дээр бий болсон Монголын ААН мөн юм бол яагаад экспортолсон бүтээгдэхүүнүүдийн төлбөр, тооцоо Монгол руу орж ирэхгүй байна вэ? Энэнээс болж эдийн засаг, ард иргэдийн амьдрал амаргүй байдалд ороод байна.

Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ