2023.03.24

Ж.Батжаргал: УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийг хэрхэн зохицуулах вэ

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэг орж ирээд, буцааж татаад, хууль санаачлах субьектуудын эрх хэмжээ рүү өнгийсөн хуулийн төсөл байсан. Одоо орж ирж байгаа нь нэлээн цэгцэрсэн юм билээ. Гэхдээ 2,3 зүйл байна. Дагаж орж ирж байгаа Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд холбогдож гарч байна. Засгийн газар хууль тогтоомжийн боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай яриад, үүний дагуу эрх зүйн орчин бүрдүүлэлт, сайжруулалтынхаа үйл явцыг үндсэн чиглэлтэй уялдуулахаар ийм зүйл болоод байна.

Гэтэл УИХ-ын өөрийх нь, гишүүдийх нь бүрэн эрхэд буй хууль тогтоомжууд санаачлах үйл явц түүнд өгөх саналтай холбоотой асуудлууд ямар байдлаар зохицуулагдах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талд ээлжит чуулганы хэлэлцэх асуудлуудын дарааллыг тогтоох нь Их Хурлын өөрийх нь бүрэн эрхэд бий. Үүнтэй яаж уялдах харилцааг нарийсгах тухай асуудал бий юу.

Хөгжил ярьж байгаа бол тогтвортой алсын харааны тухай ярих ёстой. Ингэхийн тулд хоёр гол зүйл бий. Нэг нь урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй дунд хугацааны болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд нь яаж уялдаж орж ирэх вэ гэдгийг энэ хуулиар нарийн зохицуулах ёстой. Парламент 4 жилийн циклтэй. Гэтэл 30 жилийн хугацаатай том бодлогын баримт бичгүүдийг баталчихаад байдаг. Үүний амин сүнс тодорхой он тооллуудыг хүрэх түвшнийг хангах чиглэлээр залгамж чанар нь яаж хадгалагдах юм гэдгийг нэгэнт гар хүрч байгаа бол хуульдаа тодорхой оруулах хэрэгтэй.

Мөн төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн асуудал бий. Орлогоо ахиухан оруулдаг. Зардлаа хязгаартай гаргадаг. Буцаагаад улс орны эдийн засаг, хүн амын амжиргааг төсвөөр дамжуулж зөв авч явах тухай ойлголтыг Тогтвортой байдлын тухай хуулиар хийсэн. Гэтэл тухайн жилийн төсөв, тодотголыг дагуулж тусгай шаардлагуудаа өөрчилж байгааг засах ёстой.

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ