Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэх хураамжийн доод хэмжээг ₮3,000 болгох төлөвлөгөөтэй байна
2023.03.30
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэх хураамжийн доод хэмжээг ₮3,000 болгох төлөвлөгөөтэй байна

УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод хийсэн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланг сонсож байгаа юм. 

"Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 29 жилийн өмнө баталсан ч 15 удаа өөрчлөлт оруулсан. Яаралтай шинэчлэх шаардлагатай" байгааг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлээд, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайдаас асуулт асуув. 

-"Алсын хараа 2050" бодлогын бичигт тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ гэсэн байна. Ийм бололцоо нөхцөл нь бүрдсэн үү. Сайдад өгсөн зөвлөмжид төлбөрийн үнэ тарифыг шинэчлэх хэрэгтэй байна гэжээ. Эдгээр асуудалд сайд тайлбар өгнө үү?

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Газрын багц хуультай хамтад нь хэлэлцэх чиглэлийг Засгийн газраас өгсөн. Өнгөрсөн жил тусгай хамгаалалттай газрын дөрвөн захиргаа шинээр байгуулсан ч төсөв байхгүй учир хэрэгжиж чадахгүй байна. 

Монгол Улсын газар нутгийн 21 хувь буюу 32.8 сая га газар тусгай хамгаалалтад байдаг. Тусгай хамгаалалттай газар нэвтрэх хураамжийг шинэчлэх журам гарсан.

Өмнө нь монгол хүн 300 төгрөг, гадаад хүн 3,000 төгрөг байсныг Аялал жуулчлалын тухай хуультай уялдуулан нэмнэ. Орон нутгуудаас санал авч эхэлсэн. Одоогоор монгол, гадаад гэж ялгахгүй хамгийн доод хэмжээг 3,000 төгрөг болгох төлөвлөлттэй байгаа. Тухайн газар нутагт хийх менежментээс шалтгаалан хураамж ялгаатай байх зохицуулалт хийнэ. 

2022 оны байгалийн нөөц ашигласны төлбөрийн төвлөрсөн орлогын бүх мэдээллийг цуглуулж байна. Үүн дээр 50 хувиас доош гүйцэтгэлтэй байгаа албан тушаалтнуудад өнгөрсөн жил хангалттай сануулсан. Тийм учраас энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад нь шилжүүлнэ.  

ШИНЭ МЭДЭЭ