МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төв аймагт үйлдвэрлэл явуулж буй “Могол ноос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2023.03.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Төв аймагт үйлдвэрлэл явуулж буй “Могол ноос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Ноос, ноолуурын салбарт баримталж буй бодлого хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах ажлаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хамт Төв аймагт үйлдвэрлэл явуулж байгаа “Могол ноос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо.

Манай улсын ноос боловсруулах үйлдвэрлэлийн салбарт жилд 16-18 мянган тн ноос бэлтгэгддэг бөгөөд үүний 4 мянга орчим тн нь бүдүүвтэр, 12-14 мянган тн нь бүдүүн ноос эзэлдэг.

Өнгөрсөн хугацаанд бүдүүвтэр ноосоор хивс, хивсэнцэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүдүүн ноосны багахан хэсгийг эсгий, нэхээсгүй эдлэлийн үйлдвэрт ашиглаж байсан.

Тус компани нь 2012 онд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн ашиглагдахгүй байсан бүдүүн ноосоор нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэж эхэлснээр ноосон давуу үйлдвэрлэх суурь тавигдан, монгол хонины ноосоор эсгий эдлэл, хивс хийдэг байсныг халж олон улсын стандартад нийцэхүйц ноос болон ноолуурын холиотой өмд, пиджак, юбка, пальто зэрэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна.

Түүнчлэн ноосны түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатны дамжлагыг дотооддоо бүрэн үйлдвэрлэж байгаа юм.

Тус компани нь 2018 онд "Могол" брендийг гарган АНУ, БНХАУ, Казахстан, Япон, Европын холбооны улсууд руу бүтээгдэхүүнээ гаргаж, ноос ноолуурын салбарт экспортыг дэмжих, импортыг орлох шинэ бүтээгдэхүүн бий болгож, зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.
Ноос, ноолуурын салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс цаашид салбарын хөгжлийг бодитой дэмжих хүрээнд дотоодын зах зээлийг төрийн худалдан авалтаар дэмжиж, улмаар үйлдвэрүүд тогтвортой ажиллан, бүтээгдэхүүний чанар сайжирч, экспортод гаргах боломж нэмэгдэхийг онцолж байна.

ШИНЭ МЭДЭЭ