МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Боомтуудын хүчин чадлыг өргөтгөснөөр уул уурхайн экспорт 2-3 дахин нэмэгдэнэ
2023.04.05
Гадаад харилцаа

Х.Булгантуяа: Боомтуудын хүчин чадлыг өргөтгөснөөр уул уурхайн экспорт 2-3 дахин нэмэгдэнэ

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

Уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Боомтын сэргэлтийн үндэсний хороо ямар бодлого барьж байна вэ?

Хилийн боомтуудаа бид өргөтгөн шинэчилж байна. Ингэснээр ил тод байдал бий болж, экспортын хэмжээ нэмэгдэнэ. Жишээлбэл, Гашуунсухайт боомтыг шинэчилснээр бүрдүүлэлт хийсэн машин яваад очиход ухаалаг систем мэдээллийг нь шууд таниад, ийм компанийн, хэдэн тонн нүүрс хилээр гарлаа гээд харуулдаг болно.

Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт ил тод байх бүх боломжийг хангаж өгч байгаа юм.  Иргэдийн бухимдлыг төрүүлсөн нүүрсний хулгайн асуудлыг цэгцлэх, ил тод байдлыг хангах шийдэл нь энэ юм.Мөн жолоочгүй тээврийн хэрэгслийг ашиглаад явна. Цар тахлын үед автомат удирдлагатай машин буюу AGV-г нэвтрүүлсэн. Өдөрт 100 гаруй ийм машин нүүрс ачин гарч байна. Мөн чингэлэгт тээврийн терминал ажиллаж байна.

Хил хүртлээ төмөр замтай болчихсон. Гэвч ашиглах боломжгүй, гацаанд орчихсон байна шүү дээ?

Гашуунсухайт боомт дээр төмөр зам аль аль талаасаа баригдчихсан. Одоо өргөн болон нарийн төмөр замын солбилцлыг холбох барилга байгууламжийг барих ажил үлдэж байна. Одоогоор зураг төсвийг нь ажлыг нь төлөвлөөд байна. Манай Гашуунсухайт боомтын баруун тал дээр Хятадын талаас өргөн төмөр замын төгсгөл нь хүрээд ирчихсэн байна. Харамсалтай нь, нарийн төмөр замын төгсгөл нь боомтын маань зүүн талд байгаа.

Монголын төмөр зам нь баруун талд байгаа. Мөн өндөржилтийн зөрүүнээс болоод нэлээн том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байж, төмөр замаа холбож чадна. Хамгийн түрүүнд Шивээхүрэнгийн боомтын төмөр замыг холбох ажлыг хийх болов уу гэж харж байна. Учир нь, Монгол талдаа өргөн төмөр зам нь арай баригдаагүй байгаа. Хятад талдаа баригдчихсан байгаа. Төмөр замын асуудлуудаа шийдчихвэл экспорт нэмэгдэх ач холбогдолтой.

Нүүрсний хулгайн хэрэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо муутай холбоотой байсан гэж үзэж байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд яах ёстой гэж харж байна вэ?

Ер нь, цаашдаа олон удаа ачиж буулгадаг хүний оролцоог бууруулах нь зөв гэж үзэж байгаа. Ингэх тусам авлига хээл хахуулийн асуудал ч нэмэгдэнэ. Өнөөдөр gaali.mn дээр жолооч нар бүрдүүлэлтээ шууд хийх боломж бүрдсэн. Хуучин нэг машин бүрдүүлэлт хийхэд 40 гаруй минут зарцуулдаг байсан бол энэ ажлыг 70 хувиар хөнгөвчилсөн. Жишээ нь, Замын-Үүд дээр жолооч нар 10 минутад л бүрдүүлэлтээ хийгээд гардаг болсон.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг ойрын хугацаанд хэрхэн нэмэгдүүлэх зорилт тавиад байна вэ?

Гашуунсухайт боомтын тухайд өнгөрсөн хугацаанд дэд бүтэц, хөрөнгө оруулалт маш муу явж ирсэн. Уг нь манай нүүрсний экспортын 55 хувийг хангадаг хамгийн том боомт шүү дээ. Ийм хэвээрээ байвал бид экспортоо өсгөж чадахгүй.

Манай улс өнөөдөр жилд 40 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад, төсвийнхөө хөрөнгө оруулалтыг үүнтэй уялдуулаад төлөвлөж байна. Манай компаниуд 100 жилд 100 гаруй сая тонн нүүрс олборлоход ямар ч саад байхгүй. Харин хил гааль нь үүнийг нэвтрүүлэх, экспортлох чадалтай байх ёстой. Дэлхийн зах зээлд манай гол түүхий эд зэс, нүүрсний үнэ 2023 онд сайн байх төлөвтэй байгаа. Гашуунсухайт экспортын гол боомт учраас хамгийн түрүүнд сайжруулах жагсаалтад орсон юм. “Ковид”-оос болоод хойшилсон байсан.

Өнөөдөр эхэлж байгаа барилга угсралт, шинэчлэлтийн энэ жилдээ дуусах бүрэн боломжтой байгаа юм. Ер нь Гаалийн шинэчлэлтийн хүрээнд экспортын хэмжээг 2-3 дахин нэмэхээр бид зорьж байна. Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Цаашдаа бид газрын тосоо ч гэсэн тодорхой хэмжээний боловсруулалт хийж экспортолдог байх асуудлыг хөндөж байна.

Манай улс нүүрсээ биржээр арилжаалж эхэлсэн. Үүний үр дүн нь яаж гарч байна вэ?

Өнөөдөр биржээр гарч байгаа нүүрсний хувьд хил нөхцөл буюу хилийн цаана аваачих асуудлыг Монгол улсын олборлогч компаниуд хариуцаж байгаа. Гэрээнд заасан хугацаанд Хятадын худалдан авагч талд хүлээлгэж өгөх үүргийг манайх хүлээж байна. Хуучин ам нөхцөлөөр нүүрсээ зардаг байхад “Та нар дуртай үедээ ирээд, уурхай дээрээс нүүрсээ ав. Тээвэрлэлтээ та бүхэн хариуц” гэдэг байсан. Биржийн арилжаа хийгдэж эхэлсний үр дүнд манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Нүүрсээ 180 ам.доллар, түүнээс дээш үнээр борлуулж байна. Олборлолтын үнэ өртгөөс илүү зардлаар тээвэрлэлтийг нь хийлгээд байна гэж ярьдаг байсан.

Бид нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр худалдаалж байгаа энэ үед замынхаа асуудлаа шийдэх шаардлага тулгарч байна. Өнөөдөр Тавантолгойн бүлэг ордоос хил рүү явдаг, хоёр урсгалтай ганцхан зам бий. Тэр зам нь хөвөөгүй, маш нарийхан, 240 км дээр хэдэн мянган машин явж байна. Өдөрт 10 мянган машин 2 талдаа явж байна. Оргил үедээ 120 километрийн урт цуваа үүсдэг байсан. Маш их осол гардаг. Одоо энэ замын хажуугаар концессын гэрээгээр зам барихаар төлөвлөж байна. Ажил нь удахгүй эхэлнэ. Төмөр зам ашиглалтад ортол авто замынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. 

Уул уурхайн бүсэд дэд бүтэц хэрэгтэй байна. Төв суурин газраас дутахааргүй орчин байсан цагт энэ салбарт ажиллах чадварлаг мэргэжилнтүүд энд цуглана шүү дээ?

Өнгөрсөн 2022 онд Ханбогд сумыг 2040 он хүртэл хот болгон хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Үүнтэй уялдуулан Оюу Толгойн төслөөс ирэх 5 жилд Ханбогд суманд эхний ээлжинд 50 сая ам.доллар зарцуулахаар баталж, Ханбогд хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан байгуулан ажлаа эхлүүлээд байна. Ханбогд сумын хөгжлийн стратегийг Оюу Толгой компанийн урт хугацааны бизнесийн стратеги болон “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан боловсруулсан юм.

2023 он гарсаар нүүрсний нийт экспортын 56 хувийг Гашуунсухайт боомтоор экспортлож Өмнөговь аймгийн авто замын 2 боомт нүүрсний экспортын 78 хувийг дангаараа бүрдүүлж байна. Цаашид боомтын үйл ажиллагаатай уялдуулан Монгол улсын Засгийн газраас баримталж байгаа боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх тал дээр хөгжлийн төлөвлөгөө гарган онцгой анхаарч ажиллана. Дан ганц уул уурхайгаас гадна, Өмнөговь аймгийн эдийн засгийг төрөлжүүлэх, Ханбогд сумын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөгөө гараад байна.

ШИНЭ МЭДЭЭ