2023.04.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Батжаргал: Төрийн албаны бүтэц хэр оновчтой байна гэж дүгнэсэн бэ?

УИХ-ын чуулганы /2023.04-06/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо. Төрийн албыг боловсронгуй болгох, сайжруулах, сахилга, хариуцлага, бүтээмж үр дүн гээд олон зүйлүүд дээр шинэ шинэ зорилт үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа. Үр дүнгүүд эхнээсээ гарч байна. Гүйцэт үр дүн гарахад тодорхой цаг хугацаа шаардагдана. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн. Иргэдээс нийтдээ 10 багц санал гарсан. Үүнээс хоёр нь төрийн алба, төрийн албан хаагчтай холбоотой асуудал байв.

Нэгдүгээрт: Цалин хөлсний ялгамжтай байдал. Үүн дотроос Соёлын байгууллага болон Ус цаг уур орчны шинжилгээний байгууллагын алба хаагчдын цалинтай холбоотой асуудал байсан юм. Мөн цалин хөлстэй адилтгах урамшууллыг ялгамжтай олгогдож байгаа асуудал ихээхэн яригдсан. Үүнийг УИХ-ын олонхын бүлгээс тухайн асуудлыг судалж Засгийн газарт оруулж ирэх чиглэлийг өгсөн.

Хоёрдугаарт: Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, сахилга хариуцлагатай холбоотой багц асуудал гарч ирсэн. Энэ талаарх тодорхой чиглэлийг холбогдох газарт хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөл холбогдох төрийн байгууллагатайгаа хамтарч улсын хэмжээнд төрийн боловсон хүчнийхээ бодлогын нэгдмэл байдал, цалин хөлс, үнэлэмжийнх нь асуудал дээрх тодорхой хийгдсэн судалгаа, үүн дээр нь суурилсан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж чиглэл өгөгдсөн юм байна уу. Үүн дээр хариулт өгнө үү?

Төрийн байгууллагуудын бүтэц, цомхон чадварлаг байх тухай асуудлыг ярихаар зохист харилцааны тухай асуудал гарч ирнэ. Тэгэхээр одоогийн төрийн албаны бүтэц зохион байгуулалт хэр оновчтой байна вэ?

Төрийн албаны боловсон хүчнийг бэлтгэх, чадваржуулах үйл явц, ямар системээр хэрхэн яаж явах вэ?

Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ