Манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой бий
2023.04.06
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой бий

УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.

Хуулийн төслийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б. Саранчимэг танилцууллаа.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Өнөөдөр манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой байна. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөөтэй ажилладаг. Үүнд жилдээ 1.8 тэрбум төгрөг төсөвлөдгийг онцлоод хос хоёр нохой жилд 16,  хоёр жилд 128,  гурван жилд 512,  дөрвөн жилд 12000, зургаан жилд 67000 болж үрждэг  бол хос хоёр муур жилд 24,  хоёр жилд 376, гурван жилд 11000, дөрвөн жилд 370000, зургаан жилд 11 сая болж үрждэг. Өөрөөр хэлбэл, үржлийн хурд нь буудаад устгаж дуусгах ямар ч боломжгүй. Иргэд тэжээвэр амьтандаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх нь бага, үржлийн асуудалд хязгаарлалт хийдэггүйгээс олноор үржиж байна. Энэ нь байгаль орчинд тугамдсан асуудал болж хувирсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар хөрсний бохирдол, эзэнгүй муур, нохойг устгаж хөрсөнд булж байгаа зэрэг нь халдварт өвчин дэгдэх үндсэн шалтгаан болж байна гэсэн аюултай дүгнэлтийг гаргасан байна.

Дэлхийн 120 гаруй орон гэрийн тэжээвэр амьтны хуультай. Хуулийн цаана нийгмийн эрүүл мэндийн шалтгаан, нөхцөл байна. Энэ нь амьтны хууль гэхээсээ илүү хүнээ бодсон хууль юм. Судалгаанаас үзэхэд орон сууцанд амьдарч байгаа иргэдийн 10 гаруй хувь, гэр хорооллын өрхийн 50 гаруй хувь нь муур, нохойтой гэсэн дүн гарсан. Нөгөөтээгүүр, гэрийн тэжээмэл амьтдын эздийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2020 онд хийсэн судалгаагаар 3850 хүн нохойд хазуулсаны 40 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд  байна” гэв.

Монгол Улсад мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг Амьтны тухай хуулиар, мал, тэжээвэр амьтан (гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан), зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үлджээ. Иймд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулахаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулсан. Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Хуулийн төслийг дагалдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ