2023.04.07
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Ц.Идэрбат: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өрийг барагдуулсны дараа корпораци болгох нь зүйтэй
УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Монгол Улсын хөгжлийн ялангуяа ХАА-н хүнсний аюулгүй байдлын тал дээр ХХААХҮ-ийн яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үүнийг хөгжүүлэхийн тулд гаргасан сангууд үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг асуудал яригдаж байна.
УИХ-ын гишүүн болсноос хойш нийгэмд яригдаад буй, хяналт шалгалтаар илрээд байгаа сангууд, мөнгөний асуудлыг сонсох нь ээ, айхтар юм сонсогдох юм. Хөгжлийн банк тойрсон 1,8 тэрбум төгрөгийн асуудал гэх мэт.
Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор тухайлсан ямар үр дүн гарах вэ. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна.
Корпораци болгохоосоо илүүтэйгээр өр барагдуулах алба нээмээр санагдах юм. Учир нь өр авлагынхаа асуудлыг цэгцлээд, үүний дараагаар корпораци болох нь зүйтэй.
Хөгжлийн банкны сонсголыг маш амжилттай зохион байгуулсан. Төр сан байгуулаад, үүнээсээ зээл олгох нь “Хүрээний бузрыг ухвал далай” гэдэгтэй утга адил. Нэг ёсондоо хөдөө аж ахуйг дэмжих санд төр өөрөө зээл өгөөд эхлэхээр л буруудаад байна.
Төр өөрийнхөө хажууд мөнгө эргэлдүүлэх шаардлага байна уу, арилжааны банкуудаараа дамжуулан хүү бага, хөнгөлөлттэй зээлүүдээ өгөөд явах нь зүйтэй болов уу.
Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулт өглөө