С.Ганбаатар: Намын дарга өөрийгөө "Би бол улс" гэж бодоход хүрсэн тэнэг гажуудлыг зогсоох ёстой
2023.04.11
Улстөр

С.Ганбаатар: Намын дарга өөрийгөө "Би бол улс" гэж бодоход хүрсэн тэнэг гажуудлыг зогсоох ёстой

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.04.10/ хуралдав. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

АН-аас Улс төрийн намын тухай хуульд баримтлах АН-ын ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж танилцууллаа. Тэрбээр "Таван зүйл нэрлэе.

Нэгдүгээрт, Монгол маш их улс төржсөн орон болсон. Сонгуулийн насны 7 хүний нэг нь улстөрийн намын гишүүн байна.

Хоёрдугаарт, улстөрийн намын санхүүжилтэд онцгой анхаарч байгаа. Улстөрийн намын санхүүжилт, түүний зарцуулалт, ил тод байдал, хандивын дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Гуравдугаарт, хуулиар улстөрийн намын бүтэц, зохион байгуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага байна.

Дөрөвдүгээрт, улстөрийн нам цомхон байх ёстой. Бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг бодлогын байгууллага байх ёстой гэдэг зарчмын байр суурьтай байна.

Тавдугаарт, улстөрийн нам дэргэдээ бодлого боловсруулах өндөр чадвартай судалгааны байгууллагатай байх ёстой гэдэг зүйлийг гаргаж ирсэн" гэлээ.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Улстөрийн намын тухай хуультай холбогдуулан хоёр зүйл хэлье. Монголд нам мафын системд орсон байна. Намаас болж 30 жил улс, орныг сүйрүүллээ. Улсаа сүйрүүлж байгаад ч хамаагүй намууд сонгуульд ялдаг ийм аюултай тогтолцоог засаж залруулна гэж бодож байна.

Монгол Улсын эзэн бол ард түмэн гэж тооцдог. Гэтэл одоо нам болчихсон. Энэ намын ард байгаа хэдэн луйварчин дарга нарыг хазаарлах тухай хууль. Жирийн гишүүн, дэмжигчдийг намын шийдвэр гаргах түвшинд хүчтэй оролцуулдаг. Нам өөрөө шийдвэрээ гишүүд, дэмжигчдийнхээ тушаал, заавраар гаргасны дараа хэрэгжүүлж буй явцаа тайлагнадаг. Намд ард түмэн, гишүүд нь хариуцлага тооцдог гурван механизмыг энд чамбай оруулахгүй бол үндсэндээ нам биднийг сүйрүүлээд дуусгаж байна. Намын дарга нар "Би өөрөө нам, би өөрөө улс" гэж бодох хэмжээнд хүртлээ даварч байна.

Хоёрдугаарт нам өмчгүй байх ёстой. Гэтэл өнөөдөр Тавантолгой, Оюутолгой, ГОК-ийг нам нэртэй хэдэн луйварчид барьцаалж авч, өөрсдөө хагартлаа баяжиж дээр нь сонгуулийг зохион байгуулалттай хийдэг. Ингэснээр Монголын ард түмэн сонгуульд цөөнх болж хувирдаг. Ийм тэнэг гажуудлыг зогсооно гэж найдаж Улстөрийн намын тухай хуульд ард түмэн анхаарах ёстой. Нам маф болсон манай улсад энэ хамгийн чухал хууль болоод байна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ