МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна
2023.04.13
Улстөр

Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Урт хугацааны хөгжлийн бодлогод 2021-2030 онд төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, тодруулбал Улсын Их Хурлын сонгуулийг холимог системээр явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн тодорхой зорилт дэвшүүлсэн билээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван ес дүгээр зүйлийн 1-т “Нам, Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж намын бодлого, үйл ажиллагааны үндсэн хүрээг тодорхойлжээ. Энэхүү үндсэн хэм хэмжээний хувьд улс төрийн нам улсын хэмжээний бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дэвшүүлж сонгуульд өрсөлдөх, сонгуулийн тойрог дагасан улсын төсвийн нэгдмэл бус байдлыг арилгах боломжит сонгуулийн тогтолцооны хувилбарын эрх зүйн орчныг бүрдүүлэх үндэс юм.

Иймд сонгуулийн тогтолцооноос үүдэн гарсан Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг арилгах, төрийн бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдалд эерэг нөлөөтэй сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг эргэн харж хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн болно.

Төслийг боловсруулахдаа ЕАБХАБ-аас 2020, 2021 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас санал авсан.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь өөрчлөлт, хуулиар зохицуулах харилцааны эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагад үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах бөгөөд хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:

  • Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  • Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах талаарх нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  • Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг тусгасан,
  • Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах ажиллагааны талаарх зохицуулалтыг тусгасан байна.

ШИНЭ МЭДЭЭ