2023.04.14

Х.Болорчулуун: Хууль тодорхой байх ёстой, бүрхэг хууль оруулж ирэх нь учир дутагдалтай

Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгч нарын үр тариа, ноос, сүүний урамшууллаас нь нийгмийн даатгалын шимтгэл авна гэсэн хууль гарч байна. Авч болно, үгүй ч байж болно гэсэн. Аливаа хууль тодорхой байх ёстой. За бол за, үгүй бол үгүй. Гэтэл урамшууллаасаа нийгмийн даатгалаа төлж болно, төлөхгүй ч байсан болно гэж орж ирж байгаа нь бүрхэг байгаа юм.

Малчид тариаланчид тэр бүр бэлэн мөнгөгүй байдаг. Урамшууллаасаа нийгмийн даатгал төлөх нь нийгмийн даатгал тасрахгүй байх шалтгаан болно гэж буй. 1960 оноос төрсөн хүмүүс бүр сан бүрдэж байгаа шүү дээ. Тасрах, тасрахгүй байх тухай огт хамаагүй. Тиймээс ийм бөөрөнхий үзэл бодолтой хуулийг оруулах нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ