Жаргалсайхан

ХУНАН

Албан тушаал
Хүний эрхийн үндэсний комиссын дарга
Мэргэжил
Эрх зүйч
Салбар
Хууль, эрх зүй
Туршлага
17 жил
Жагсаал цуглааны үеэр хүний эрхийг хамгаалах чиглэлд цагдаагийн газрын удирдлагуудтай санал солилцов
2023.04.18
Хүний эрх

Жагсаал цуглааны үеэр хүний эрхийг хамгаалах чиглэлд цагдаагийн газрын удирдлагуудтай санал солилцов

Цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүсэлт тавьсны дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Б.Энхболд нар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон нийслэлийн 6 дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга нар оролцов.

Комисс нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг 2022 оны есдүгээр сард зохион байгуулсан бөгөөд уг сургалтад цагдаагийн удирдах албан тушаалтнуудыг хамруулж, улмаар цагдаагийн сургагч багш бэлтгэсэн юм.

Цагдаагийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн дээрх уулзалтын үеэр тус сургалтын ач холбогдол, цаашид жагсаал цуглааны үеэр иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар хуран чуулах орон зайг хамгаалж, иргэдийн эрхийг дээдлэх зэрэг анхаарал татсан асуудлыг онцлон ярилцав.

Тухайлбал, тайван жагсаж цуглах эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, жагсаал, цуглааны явцад нийгмийн хэв журмыг зөрчиж, жагсаалд оролцогчдын аюулгүй байдлыг алдагдуулсан, нийтийн эзэмшилд халдсан зэрэг хуулиар хориглосон үйлдэл гаргасан тохиолдолд цагдаагийн байгууллагаас хүний эрхийн зарчимд нийцсэн албадлын арга хэмжээ авах, эрх хэмжээгээ хэтрүүлэхгүй байх, энэ талаарх эрх зүйн зохицуулалт нэг мөр, тодорхой байх нь зохистой болохыг уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Ташрамд дурдахад, 2022 оны арванхоёрдугаар сарын 04-нөөс 2023 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжилсэн жагсаал, цуглааны үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажиглалт, дүн шинжилгээ хийх замаар иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван замаар жагсаал, цуглаан зохион байгуулах орон зайг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг эдлүүлэх, хүний наад захын хэрэгцээ, шаардлага болох ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх боломжтоор хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудад Комиссын зөвлөмж, санал хүргүүлж, хэрэгжилтийг хангуулж ажилласан юм.

Уулзалтын үеэр эрүүлжүүлэх, саатуулах байрны нөхцөл байдал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа болон цаашид анхаарах шаардлагатай асуудлаар санал солилцов.

ШИНЭ МЭДЭЭ