МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Намын жагсаалтад парламентын туршлага харгалзах хэрэгтэй"
2023.04.19
Улстөр

"Намын жагсаалтад парламентын туршлага харгалзах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН болон АН-аас Сонгуулийн тухай хуулийг өмнөх долоо хоногт өргөн барьсан. Таны хувьд, танай намаас өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төсөл суулгаж өгсөн 38:38 гэсэн тооны харьцаа дээр ямар саналтай байна вэ?

-Тооны хувьд МАН-аас 38:38 гэсэн санал оруулсан бол АН-аас 48:28 гэсэн санал оруулсан. Өмнө нь 48:28 гэсэн байдлаар сонгууль явагдаж байсан. Аль алийг нь авч хэлэлцэх нь зүйтэй байх. Хэлэлцүүлгийн явцад шийд гарах байх. Ямартай ч тогтолцооны хувьд холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал яригдаж байна. Хүн амын тоотой харьцуулж бодитоор авч үзэх учиртай.

Хүн ам цөөн гээд 40-50 гишүүн асуудлыг шийддэг байж болохгүй. Мөн нэмэх ёстой гээд 400-500 гишүүн сууж байна гэвэл утгагүй асуудал болно. Бодит байдал дээр нийгэмд ямар тооны төлөөлөл орох нь зүйтэй юм гэдэг талаас нь тоог авч үзмээр байгаа юм. Миний хувьд одоо байгаа 76 гишүүний тоог тодорхой хэмжээгээр өсгөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үүний үр дүнд нэг гишүүнд ирэх эрх мэдлийн хэмжээ саармагжих, хариуцлагын харьцаа нь нэмэгдэнэ.

-Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд олон намын төлөөлөл парламентад орж ирэх боломж хэр нээгдэж байна вэ?

-Сонгуулийн тогтолцоог холимог болгох шийдэл бол МАН,АН амиа бодсон асуудал биш. Аль болох олон намын төлөөллийг парламентад оруулж ирэх бас нэг оролдлого. Өөрөөр холимог системээр пропорциональ тогтолцоо ороод ирвэл улс төрийн бусад намуудын төлөөлөл төрд орж ирэх бололцоог нь нээж өгч байгаа. Өмнө нь МАН чөтгөртэй нийлсэн ч хамаагүй ялалт байгуулах талаар боддог байсан бол одоо нийгмээ бодсон чиглэл рүү орж байна. Олон ургальч үзэлтэй, олон намын хөгжлийн хувилбаруудыг оруулж ирэхийг зорьж байна. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийн гол концевц бол намуудын босгыг тогтоож, бодолгын нам болгоход чиглэж байгаа. Олон жижиг нам байгуулж иргэдийн санаа бодлыг хуваахаас илүү аль ч намын гишүүн биш байсан ч өөрт таалагдсан, үзэл баримтлалын хувьд санал нэгдэж байгаа дэмжээд явах боломж бололцоог нээж өгч байгаагаараа онцлог.

-Монгол Улсад улс төрийн намууд бүрэн төлөвшиж чадаагүй байна. Тийм учраас улс төрийн намуудыг дагасан бохир мөнгө, санхүүжилтийн асуудал одоо ч бүрэн ил тод болоогүй байна. Санхүүжилтээ ил тод, шилэн болгохтой холбоотой ямар дэвшил гарах бол?

– Хүссэн хүсээгүй улс төрийн намууд бодлогын нам болох чиглэл рүү орохоос өөр аргагүй болж байгаа. Түүнчлэн намын санхүүжилтийг ил болгох шаардлага үүсч байна. Намын санхүүжилтийг ил болгосноор гаднаас хандив тусламж авч байгаа асуудал нээлттэй болохоос гадна гишүүдийн өөрсдийнх өгч байгаа дэмжлэгийг ил болгохгүй бол хэн хөрөнгө чинээтэй нь намыг худалдаж авдаг, тодорхой хэмжээний дэмжлэг өгснөөрөө давуу эрх эдлэх, эсвэл намын даргын тойрон хүрээлэгчид давуу эрх эдлэх гэх мэт асуудлуудаасаа гарахыг зорьж байна.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудыг шилэн, ил тод болгосноор цэвэршүүлнэ. Үүнтэй холбоотойгоор улсаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй асуудал болох юм. Парламентад суудалтай намуудын санхүүжилт ил тод болохоос гадна бодлого боловсруулж байгаа учраас улсаас тодорхой хэмжээний төсөв гаргаад явах нь улс төрийн намууд авлигаас ангид байх, мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийн халаасанд орохгүй байж улс төр цэвэрших гол суурь нь болно.

"НАМААС ЗУГАТАХЫН ХЭРЭЭР БИЕ ДААГЧИД БУЮУ ХУВЬ ХҮМҮҮС ПАРЛАМЕНТАД ОРЖ ИРЭХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ"

-Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа намуудын нэр хүнд муу байгаагаас үүдээд намуудад төрөөс санхүүжилт олгох асуудлыг иргэд эсэргүүцэх тохиолдол олон байна. Иргэдийн эсэргүүцэлтэй тулсан ч улс төрийн намуудад төрөөс санхүүжилт олгох шалтгаан юу байх вэ?

–Олон ургальч үзлийг дэмжих ёстой. Мөн Үндсэн хуульд заасны дагуу иргэд эвлэлдэн нэгдэж нам байгуулж, тэндээ улс орныхоо хөгжлийн концевц, бодлого мөрийн хөтөлбөрийг уралдуулж байж парламентад орж ирж байгаа. Олон хүн нэгдэж намынхаа бодлогыг гаргаж ирж байгаа түүнийгээ нийт иргэддээ танилцуулж хоорондоо өрсөлдөнө. Тиймээс улс төрийн намыг үзэн яаж, үргэж зугатаад байх шаардлага байхгүй.

Намаас зугатах биш намаас гаргаж байгаа олон ургальч үзэлд санаа бодлоо шингээж өгөх ёстой. Улс төрийн намууд бодлогоороо өрсөлдөж, аль намын бодлого улс орны хөгжил дэвшлийг шинэ шатанд авч ирэх вэ гэдгээрээ өрсөлддөг учраас намаас зугатах ёсгүй. Намаас зугатахын хэрээр бие даагчид буюу хувь хүмүүс парламентад орж ирэх нөхцөл бүрдэнэ.

Хувь хүмүүс хууль тогтоох байгууллагад олноороо орж ирвэл хэн нь хэнээсээ илүү попорох вэ гэдгээрээ өрсөлдөнө. Улс орныг том зургаар нь харахаасаа илүү цөөхөн хүний, магадгүй хувь хүний бодлого тэнд орж ирнэ. Тиймээс аль болох улс төрийн намууд олон гишүүд дэмжигчтэй байж түүнийг нь гишүүд нь дэмжиж байж намын бодлого нь хүчтэй болно. Бид намууд төрийн эрх авахын тулд өрсөлддөг системээс хэзээ ч ухарч чадахгүй учраас нам нь цэвэр байх бодлогыг барихаас өөр сонголтгүй болж байна.

-Намын санхүүжилтийг ил тод болгох талаар олон жил ярьж байгаа. Гэтэл бодит байдал дээр намуудын санхүүжилт далд, нууц хэвээр байгаа шүү дээ. Өргөн барьсан хуулийн хүрээнд ил тод болж яг чадах уу?

-Ер нь бол сонгуульд оролцох зардлын хэмжээг багасгаж өгөх хэрэгтэй. Ингэж байж мэдлэг чадвартай, эдийн засагчид, судлаачид, мэргэжлийн туршлагатай хүмүүс орж ирэх боломж бололцоог нээж өгнө. Тиймээс нам руу орж ирэх дэмжлэг үзүүлэхгүйгээр боловсон хүчний хувьд мэдлэг чадвартай хүмүүсийг сонгож оруулах гэдэг асуудлууд хоорондоо уялдаж байх ёстой. Нэгдүгээрт, улс төрийн намд орох шалгуур нь хэт өндөр биш байх хэрэгтэй. Хоёрдугаарт, сонгуульд оролцох зардлыг бууруулах шаардлагатай байна. Үүний үр дүнд нийгмийн олон төлөөлөл парламентад орж ирэх боломж нээгдэнэ. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулиудыг хэлэлцэх явцад засч сайжруулах зүйл нэлээд гарах байх. Хамгийн гол нь нэгэнт бид өөрчлөлт хийхийг зорьж байгаа бол ил тод, нээлттэй, шилэн болгох алхамыг доривтой хийх хэрэгтэй.

"НАМЫН ЖАГСААЛТАД ОРОХ ХҮМҮҮСИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, ТУРШЛАГЫГ ХАРГАЛЗАХ ЁСТОЙ"

-Намын жагсаалтаар орж ирэх хүмүүст иргэд нэлээд анхаарал хандуулж байна. Намын жагсаалтаар орж ирэх хүмүүст ямар шалгуур тавих ёстой вэ?

Нэгдүгээрт, мэдлэг боловсролын шаардлага тавих нь зүйн хэрэг. Хоёрдугаарт, парламентад суусан туршлагыг харгалзан үзэх хэрэгтэй байна. Угтаа парламентад удаа дараа сонгогдохын хэрээр туршлага хуримтлуулдаг. Парламентын гишүүд иргэдтэй нүүр тулж уулзаад батлагдсан хуулиуд амьдралд нийцэж байгаа эсэхийг сонсож, судлаад гаргаж ирдэг. Хуулийг амьдралд нийцүүлж батлах, шаардлагатай байгаа хууль тогтоомжийг санаачилах, асуудлыг олж харах гэх мэтээр парламентад сууж байсан хүний туршлага сууж байгаагүй хүнийхээс илүү учраас парламентад сууж байсан гэдэг шалгуур орж ирэх байх. Цаашлаад нас, хүйс, Засгийн газар болоод бусад байгууллагад ажиллаж байсан туршлага гэх мэт олон шалгуур хангасан хүнийг оруулж ирэх байх. Гуравдугаарт, Сонгуулийн тухай хуульд гишүүдийг давхар дугуйлна хэмээн заасан учраас намын жагсаалтад хөдөлгөөн ороод ирнэ. Өөрөөр хэлбэл, иргэд нам дотор жагсаасан жагсаалтыг өөрсдийн сонголтоор сонгох боломжийг нээж өгсөн.

-Парламентад эмэгтэй гишүүдийг түлхүү орууж ирснээр авлига буурна, нийгмийн асуудлууд шийдэгдэнэ гэж үзэх нь хэр зохилтой вэ. Тухайлбал, МАН-аас 50:50 гэсэн квот оруулж ирсэн шүү дээ?

-Квоттой холбоотой тооны тухайд 50:50 гэсэн харьцаан дээр эргэлзэж байгаа. Магадгүй 40 рүү татаж болох байх хэмээн бодож байна. Аливаа шинэчлэл нэг далайлтаар хийгддэггүй. Зарим зүйлд мехнаикаар түлхэц өгч байж улам сайжирдаг. Тийм учраас алдаа дутагдал наана, цаана юм гарахыг үгүйсгэхгүй. Ер нь эмэгтэй хүний мөн чанар, эх хүний үнэт чанар, ариун нигүүлсэлтэй зан чанар нь улс төрд зайлшгүй байх чанар харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрчүүдээс асуудлыг зөөлөн, эерүү аргаар зохицуулах чадвар өндөр байна. Тиймээс эмэгтэйчүүдийг татаж оруулж ирэхийн тулд эхлээд механик хөшүүрэг хийж тоо зааж өгөх нь зөв. Ажил хийж байгаа цагт алдаа дутагдал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнээс айж хойш суулгуугүйгээр эмэгтэйчүүдэд улам олуулаа болох боломж бололцоог нь нээж өгөх нь зүйтэй.

– Энэ удаагийн хаврын чуулганы бас нэгэн онцлог нь УИХ-ын хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхтэй холбоотой асуудал хөндөгдөж, хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна. Парламентын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг гишүүдээр шийдүүлж байгаа нь буруу. Учир нь парламент нэгдмэл, нэг байх ёстой. Тэгж байж бодлогоо зөв гаргадаг. Хоорондоо алалцаад, үзэлцээд байвал ямар юмны нэгдсэн бодлого байх вэ. Магадгүй нэг хууль батлахын тулд хоорондоо наймаалцдаг байж болохгүй. “Би чиний санаачилсан хуулийн төслийг дэмжсэн. Чи одоо минийхийг дэмж гэдэг ч юмуу” ийм байдлаар хандаж болохүй.

Аливаа зүйлд нэгдмэл бодлоготой байх зарчим парламентад байх ёстой. Тиймээс гишүүнийг бүрэн эрхтэй байх эсэх асуудлыг гишүүд өөрсдөө шийддэг биш хуульд өөрчлөлт оруулж, илүү эдэлдэг эрх ямба байвал түүнийг нь хасъя. Хууль хяналтын байгууллага үйл ажиллагаагаа саадгүй явуулахад ямар нэгэн байдлаар эрх ашиг нь хаагдаж, хянаж шалгах боломж нь хумигдаад байгаа бол хуулиараа нэээлттэй болгоё. Хууль шүүхийн байгууллага нь шалгаад гэм буруутай гэж үзвэл татаад аваад явдаг зармын асуудал руу нь оруулах ёстой. Түүнээс биш хууль хяналтын байгууллагын бүрэн эрхийг хааж боогдуулаад байх нь онц биш.

ШИНЭ МЭДЭЭ