2023.04.19
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгана

С.Зориг агсны хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүхийн шийдвэрийн дагуу ялаа эдэлж байх үед мөрдөн шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тухайн хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдсон.

Энэ нь шинээр илэрсэн нөхцөл учраас хэргийг дахин хянаж үзэх саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн байдаг. Улсын Дээд шүүх уг асуудлыг судалж үзээд өмнө нь гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Мөрдөн байцаалт урт хугацаанд үргэлжилсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэг Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаад 2021 оны 7-р сарын 1-нд Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэн, төвлөрүүлж ажилласан.

2022 оны 5-р сарын 16, 6-р сарын 30, 11-р сарын 8 болон энэ оны 1-р сарын 18-нд мөрдөгчөөс энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан тогтоолыг хэрэгсэхгүй болгох саналаа нийслэлийн прокурорын газарт явуулсан. Хамгийн сүүлд буюу энэ оны 3-р сарын 23-нд ЦЕГ-аас Нийслэлийн Прокурорын газарт хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц. Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байна.

Ингэснээр тэд өнгөрсөн хугацаанд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагаанаас үүссэн хохирлыг иргэний хувиар нэхэмжлэх эрх зүйн үндэс бүрдэж байгаа. Хоёрдугаарт энэ хэрэг дээр хууль тогтоомж зөрчсөн гэдэг асуудал давхар шалгагдаж байна. Хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэх саналаа цагдаагийн байгууллагаас прокурорт тавихаар бэлтгэл хангаж байна. Түүнчлэн 1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажил ажиллагаанд үлдэж байгаа. Уг ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Сүхболд ахалж ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ