Б.Энхбаяр: Монгол Улсын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй "шалгалт" болсон гэдгийг ам бардам хэлнэ
2023.04.21
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Монгол Улсын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй "шалгалт" болсон гэдгийг ам бардам хэлнэ

Улсын хөгжил, бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж улмаар иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан Хөгжлийн банкны гаргасан зээлийн эргэн төлөлтөд асуудал үүссэн. Үүнээс үүдсэн хохирол нь зөвхөн тухайн банкаар зогсохгүй Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, Дэлхий нийтийн хамгийн их сэрэмжлэн болгоомжилдог авлига, ашиг сонирхлын хэрэг болсон нь илчлэгдээд байгаа билээ.

ЭНЭХҮҮ ШАЛГАЛТААР ЗӨВХӨН ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДАЛ БУС СҮҮЛИЙН 20-30 ЖИЛ ДАХЬ УЛСТӨР, БИЗНЕС, БАНК САНХҮҮГИЙН БҮЛЭГЛЭЛҮҮД ИЛЧЛЭГДЭВ!

Манай улсын түүхэнд гарч байгаагүй энэ гамшигт явдлын эх үндсийг, эзэн холбогдогчдын гинжин хэлхээг тодруулах зорилгоор Монгол Улсын Их хурлын Эдийн засгийн байнгын хорооны /2022.04.13/ хуралдаанаар Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, Хянан шалгах түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан билээ.

хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулагдсанаасаа хойш яг нэг жил ажиллаж 2023.04.20-ний өдөр УИХ-д тайлангаа тавьснаар ийн татан буугдлаа

УИХ-ын анхны мөрдөн шалгах хорооны хянан шалгагч, шинжээчид

 Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ, "Хөгжлийн Банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлдэгчийн 2.3 их наяд төгрөг, арилжааны банкаар дамжуулан олгосон 2,542 зээлдэгчийн 1.6 их наяд төгрөг, Засгийн газарт шилжүүлсэн 355 зээлдэгчийн 2.5 их наяд төгрөг, тус банкны охин компаниудаар дамжуулан 35 зээлдэгчийн 161.6 тэрбум төгрөгийн хамаарал болон зарцуулалтыг данс хөөх зарчмаар шалгасан. Ингэхдээ гурван удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нээлттэйгээр шууд дамжуулан хүргэсэн" хэмээв

12 өдрийн турш үргэлжилсэн сонсголд нийт 672 хүнийг гэрчээр дуудсанаас 356 иргэн сонсголд биечлэн оролцжээ

Ажлын хэсгээс гарсан дүгнэлт: Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн 18.3 хувь зориулалтын дагуу зарцуулсан бол 74.2 зориулалт нь бүрэн бус, 7.4 хувь нь бүрэн бусаар ашигласан, 0.3 хувийг нь нягтлах боломжгүй аж. Нийт 3,000 гаруй зээлдэгчийн идэвхтэй, идэвхгүй хувьцаа эзэмшигч, өмнөх ба одоогийн гүйцэтгэх удирдлага, эцсийн өмчлөгч дээр бүртгэлтэй хуулийн этгээдийг улс төрийн хамаарал бүхий хүрээлэлтэй тулгахад 125 хуулийн этгээд, найман иргэн улс төрийн хамааралтай байна. Улс төрийн хамааралтай этгээд нь Хөгжлийн банкнаас 1.5 их наяд төгрөгийн дүн бүхий зээл авсан нь нийт зээлийн 20 хувийг эзэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, "Монгол Улсын түүхэнд хийгдэж байгаагүй өргөн хүрээтэй "шалгалт" болсон гэдгийг ам бардам хэлье. 1 сая гаруй хуудас цаасан материал цуглуулж ажилласан бөгөөд өргөн цар хүрээтэй шалгалт хийгдсэн. Түр хорооны сонсгол 3 удаа зохион байгуулагдсан. Хамгийн анхны сонсгол 1 сард хийгдсэн бөгөөд үүнээс өмнө 3 сая гүйлгээг шалгасан хэмээн хэлж байсан. Зарим гүйлгээ зориулалт бусаар зарцуулагдсан нь 10 дахь удаагийн шалгалтаар ч илрэх тохиолдол байсан. Зээл зориулалтын дагуу зарцуулагдсан эсэхийг данс хөөж үздэг. Тиймээс үүнд их олон хүн цочирдсон байх. Хувь хүний өөрийн ашигт үйл ажиллагаа, түүнийгээ хэрхэн зохицуулсантай холбоотой ямар ч эх сурвалж, нотлох баримтыг ил болгоогүй. Шинжээчид гагцхүү Хөгжлийн банкны эх үүсвэртэй буюу тус банкнаас гарсан нэг төгрөг бүрийн замыг шалгасан. Түр хороо анх байгуулагдахдаа “Данс хөөх аргаар шалгалт явуулна” хэмээх удирдамжийг баталж байсан юм. Тийм учир шинжээчид УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу, Монгол Улсын түр хорооноос баталсан удирдамжийн дагуу ажилласан. Үр дүн хаана байна, одоо яах уу гээд байх юм. Үр дүнгээ өгөөд эхэлчихсэн. Ард түмнийхээ нүдийг нээснээр, ард түмэн сэрсэн. Цаг, хүн хүч, эр зориг, мэдлэг, ур чадвар, манлайлал шаардсан нүсэр ажил боллоо. Анхных учраас алдаа, оноо хамтдаа тууллаа. Парламентын ардчиллын үнэ цэнийг ч мэдэрлээ. Ард түмэндээ баярлалаа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ