Сэлбэ дэд төвийн хүрээнд 156 га газарт бүтээн байгуулалт хийжээ
2023.04.25
Барилга, Хот байгуулалт

Сэлбэ дэд төвийн хүрээнд 156 га газарт бүтээн байгуулалт хийжээ

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй холбогдох албаныхан Сэлбэ дэд төвд ажиллалаа.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад зааснаар Улаанбаатар хотыг найман бүс бүхий 47 нэгж хороолол, зургаан дэд төв, хоёр хотын төвтэйгөөр төлөвлөсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжиж, зургаан дэд төвийг байгуулах юм. Одоогийн байдлаар Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг байгуулаад байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд нийслэлд Гэр хорооллын сэргэлт хэмээх дунд хугацааны зургаан дэд төвийн төслийг хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтэц, стандарт, төрийн үйлчилгээ, нийтийн тээврийн асуудал, тавьсан авто замуудыг хэрхэн холбох, орчныг хэрхэн сайжруулах, хороо болон хэсгийн ахлагч нартай холбоотой мэдээлэл солилцох урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдэх цогц арга хэмжээнүүд хэрэгжүүлж байгаа. Иргэд заавал хотын төв рүү оролгүйгээр зургаан дэд төвөөсөө төрийн бүх үйлчилгээг хотын төвийнхтэй адил хэмжээнд авч болохуйц хэмжээний концепцыг Гэр хорооллын сэргэлт гэж үзэж буй” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хот руу шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл, зургаан дэд төвийг байгуулан төвлөрлийг сааруулна. Энэ хүрээнд төрийн захиргааны байгууллагууд, их, дээд сургуулиудыг үе шаттайгаар хотын төвөөс гаргах, гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүд дээрээ түшиглэн бүтээн байгуулалтын ажил хийх, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллана. Засгийн газар, холбогдох яамд болон нийслэлийн уялдаа холбоо сайн байж бидний ажил амжилттай явна” хэмээсэн юм.

Сэлбэ дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд нийт 156 га газарт нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн. Тодруулбал, гурван гүүр, 6.7 км авто зам, 5.3 км цахилгаан холбоо, 9.97 км дулааны шугам, ариутгах татуурга, усан хангамжийн 19.78 км шугам, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын 2.4 км далан суваг, 1000 метр куб усан сан, дэд станц зэргийг байгуулжээ. Мөн  35 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбосон байна. Түүнчлэн 50 айлын орон сууц, 150 болон 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв зэргийг барьж, 3.01 га талбайд тохижилтын ажил хийжээ.

ШИНЭ МЭДЭЭ