2023.04.27

Х.Нямбаатар: Шүүх шинжилгээний байгууллагад шаардлагатай химийн урвалж бодисуудыг хэрхэн нийлүүлэх вэ

УИХ-ын чуулганы /2023,04,27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Анхны хэлэлцүүлэг дууссаны дараа чиглэл өгөөсэй гэж бодож байна. 2022 оны арванхоёрдугаар сард Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийг УИХ баталсан. Шүүх шинжилгээний байгууллага бол эрүүгийн хэрэг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжлэх ухааны нарийн мэдлэг шаардсан зүйлд дүгнэлт гаргадаг, хэргийн үнэн зөвийг олдог, үйлдэгдсэн гэмт хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эд мөрийн баримтуудыг харьцуулан шинжилж, дээжийн дүгнэлт гаргадаг байгууллага.

Энэ байгууллага жилдээ 400 гаруй сая төгрөгний химийн урвалж бодис авдаг. Та бүгдийн батлуулах гэж буй хуулийн төслөөр энэ байгууллага гарцаагүй нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар химийн урвалж бодисоо авахаар болчихоод байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд химийн урвалж бодис тасалдсан. Хүн амины хэрэг үйлдэгдсэн тохиолдолд хэргийн газрын үзлэг дээрээс ул мөр бэхжүүлэх, ДНК-ийн харьцуулсан шинжилгээ хийх, хүний цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа эсэхийг тогтоох нарийн шинжилгээ хийхэд шаардлагатай химийн урвалж бодисуудыг маш бага хэмжээгээр авдаг. Би 400 гаруй сая гэж нийлбэр дүнгээр нь хэлж байна. Маш олон төрлийн бодисууд бий.

Шууд нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар тендер зарлаад ААН үүнд оролцохоо больчихоод байгаа юм. Энэ төрлийн төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд жилд шаардлагатай гэж үзвэл өөрийнхөө оруулж ирж буй бодисонд нь хавсарга байдлаар авчраад тухайн зах зээлийн үнээр нийлүүлдэг жишгээр явж ирсэн юм. Тиймээс уг асуудлыг яаж шийдэх вэ? Шууд тендерийн аргаар явбал ААН оролцохгүй, бид гэмт хэргээ илрүүлж чадахгүй, цаана нь хүний эрх, амь нас, эрүүл мэнд бусад зүйл сэргээгдэхгүй хохирох тал үүсэж байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ