МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.27
Хүний эрх

Б.Жаргалмаа: Ахмад настнуудын нийгмийн болоод сэтгэлзүйн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

УИХ-ын 2023,04,27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаа 333,046 ахмад настан байгаагаас 244,763 ахмад настан буюу 73.49 хувь нь тэтгэврийн доод хэмжээ болох 500,000 төгрөгийн тэтгэвэр ав байна.

Өөрөөр хэлбэл ихэнх ахмадууд 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэнгэрт тулчихсан цагт энэ тоо анхаарал татаж байна. Бид хэрхэн энэхүү тайланд дурдсанаар тухайн өрхийн сарын дундаж орлого болон ам бүлийн тоон харьцаагаар амьжиргааны түвшин тодорхойлогдох уу. Нийслэлийн гэр хорооллын 54,5 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байна. Жишээ хэлье, манай тойргийн зургаадугаар хороонд "зургаан цагаан байр" гэж бий. Нийтдээ 150 өрхийн 600 гаруй иргэн дээвэр нь цоорхой, тааз нь цөмөрхий орчинд амьдарч байна. Дахин ашиглах боломжгүй орон сууцыг ашиглах хууль эрх зүйн зохицуулалтыг хийх шаардлагатай байна. 

Бид нийгмийн даатгалын багц хуульд анхаарахын сацуу ХЭҮК-ын зүгээс шаардлага тавьж саналаа өгнө хэмээн найдаж байна. Миний бие 2022 онд ахмад настны тухай хууль болон халамжийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг НББХ-оос үүрэг авч ажилласан. Энэ хүрээнд ахмад настнуудтай уулзалт хийх явцад,  хүчирхийлэлд ихээр өртдөг тухайгаа хэлж байсан. Үүнийг ч ХЭҮК-д уламжилж байсан. Тиймээс чанартай насжилтыг бий болгоход ЭМЯ анхаарах нь зүйтэй. Геронтологийн үндэсний төв 500м2 хүрэхгүй байранд үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн болсноосоо хойш энэ байгууллагын шинэ байрын асуудлыг ярьж, сайд болгоноос гуйж байгаа. 2024 онд С.Чинзориг сайд энэ асуудалд анхаарна биз ээ.

Халамж үйлчилгээний ерөнхий газраас ХЭҮК-д ирүүлсэн ахмад настны статистик тоон мэдээлэл хангалтгүй, бүртгэл судалгааг бүрэн гүйцэт хийдэггүй нь ахмад настанд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг үнэлэхэд хүндрэл үзүүлснийг дурдмаар байна. Яагаад Монгол Улсын хүн амын тоон мэдээлэл зөрөөд байна вэ. Хүн амынхаа тоог зөв гаргаж чадахгүй байна вэ. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ. ХЭҮК-оос холбогдох байгууллагад шаардлага тавьсан уу.

Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ