Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
2023.04.28
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 
Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа.

  • · Цахим баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдлыг цаасан баримт бичгийн нэгэн адилхүлээн зөвшөөрч хуульд заасны дагуу стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажсан тохиолдолд баримт бичгийн эх хувь гэж үзэх; 
  • · Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэх тухай;
  • · Төрд байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс дахиж шаардахгүй, төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан мэдээлэл хариуцагч өөрөө бүрдүүлнэ.

Эдгээр хуулийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 5.3 дахь заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 4-т “Төрийн байгууллага хоорондын болон төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагуудын мэдээллийн солилцоо сайжирч, захиргааны зардал бууран, үйлчилгээний үр дүн сайжирна” гэж, 5-д “Төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн саналыг цахимаар авах нөхцөл бүрдэж, мэдээллийн ил тод байдал нэмэгдэнэ” гэж, 9.4 дэх заалтын нэгдүгээр үе шат (2021-2030)-ын 3-т “Мэдээллийг цахимжуулж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх тогтолцоог бий болгоно” зэрэг зорилтыг хангаж, “Цахим үндэстэн” санаачилгыг хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ