МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Ганхуяг: Улаанбаатарын утаа нь “Эрчим хүч”-ний салбарын бодит нүүр царай!
2023.05.01
Эрчим хүч

Х.Ганхуяг: Улаанбаатарын утаа нь “Эрчим хүч”-ний салбарын бодит нүүр царай!

Эрчим хүчний салбар нь Монгол улсын үндэсний аюулгүй бие даасан байдлыг хангах стратегийн чухал ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбар билээ. Монгол улс баруун, төв, өмнөд болон дорнод бүс Алтай, Улиастай гэсэн 5 эрчим хүчний системээр нийт 330 гаруй сум, сууриныг төвлөрсөн эрчим хүчний системээр хангаж байна.

Гэвч жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг даган цахилгаан станцуудын ачаалал ихэсч ААН, иргэдийн халааснаас гарах тогны мөнгө нэмэгдсэн. Уг асуудалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг бүрэн эрхийнхээ дагуу Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” асуулга тавьсан юм. Асуулгын хариуг 04-дүгээр сарын 28-ны өдрийн Их Хурлын чуулганы хуралдаанаар сонслоо.

6 асуудлыг багцлан асуулгад оруулснаас Монгол улсын эрчим хүчний хангамжийн найдвартай байдал, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг бүрэн хангах талаар авч буй арга хэмжээний талаар болон эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангасан, тогтвортой, өөрийгөө зохицуулах чадвар бүхий системийг бүрдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай онцолсон юм.  

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эл асуулгын хариуг уншиж танилцуулсан. Тэрээр эрчим хүчний салбар 2022-2023 оны өвлийн их ачаалалд бүх станцуудын 63 зуух, 42 турбоагрегат гэсэн үндсэн тоноглолууд бүрэн ажиллаж системийн хэмжээний нийт суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж, нөөц тоноглолгүй ажилласан гэв. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн зүгээс тавьсан асуулгын хариу, мэдээлэл дутуу байгааг хэллээ. Түүний хувьд эрчим хүчний салбарыг хөгждөггүй, байран дээрээ гацчихсан, Улаанбаатарын утаа бол энэ салбарын байж байгаа нүүр царай хэмээн хатуу шүүмжиллээ. 

Үргэлжлүүлэн “Дэлхий нийт нүүрснээс татгалзаж, нүүрсээр галладаг станцад санхүүжилт өгөхөө больсон. Гэвч манайх өнөөх л нүүрсээр галладаг цахилгаан станцаа барина гээд төлөвлөлт гаргаад, төсөв санхүүжилт яриад байх юм. ОХУ-аас эрчим хүчээ импортолдог. Өмнөговьд бэлэн худалдан авагч байдаг атал цахилгаан станцаа барьж чаддаггүй” хэмээв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Эрчим хүчний салбар хөгжлийн чухал хөшүүрэг учраас энэхүү асуулгыг тавьсан. Гэтэл бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эрчим хүчний салбар хоцрогдож байна. Өнгөрсөн  30 гаруй  жилийн хугацаанд хувийн хэвшлийн ганцхан л цахилгаан станц баригдсан байна. Цаашдаа уран баяжуулж, атомын цахилгаан станц байгуулах зэрэг эрчим хүчний шинэ эх үүсвэрийг судлах хэрэгтэй.

Эрчим хүчний үнийн тарифаа эргэн харах шаардлагатай

Мөн эрчим хүчний салбар 75 тэрбумын алдагдалтай ажилласан. Алдагдлаа яаж нөхөх вэ гэхээр эрчим хүчний үнээ нэмэх талаар ярьдаг. Дэлхий даяар нар, салхиар эрчим хүч өгдөг технологи хямдарсан. Тоног төхөөрөмж ч хямдарч, үүнээс гарах үр өгөөж нэмэгдсэн байхад манай улс айл бүрийн халааснаас сар болгон нэмж авдаг. Тиймээс эрчим хүчний тарифаа эргэн харахыг онцлов.

Түүнчлэн дэлхийд метан хийг ашиглан технологиор хөгжиж байхад манай улс дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах тал дээр нүүрсэн цахилгаан станцын талаар ярьсаар байна. Метан хийний хангалттай их нөөцтэй атлаа ямар ч төсөл хөтөлбөр алга. Экологийн хамгийн цэвэр эрчим хүч Метан хий болон Уранаас гарахаар байна. Нүүрсээр галладаг байдлаа больж нар салхины эрчим хүч, метан хийний эх үүсвэрээр станц барих асуудлуудыг шуурхай судалж төлөвлөлт хийх шаардлагатай гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ