МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 234251 албан хаагчид үйлчилнэ
2023.05.10
Улстөр

Б.Баттөмөр: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 234251 албан хаагчид үйлчилнэ

УИХ-аас удирдлага нь томилогддог байгууллагын удирдлагууд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагуудын дарга нартай хийх уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг танилцуулав. 

Нийт 7 бүлэг, 19 зүйлтэй тус хууль нь 4232 төрийн байгууллагын 225205 албан хаагчаас гадна 103 төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн 103 эрх бүхий албан тушаалтан, бүх шатны ИТХ-ын 8928 төлөөлөгч, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, "Ирээдүйн өв сан" корпорацын эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүд, Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч, төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа ТББ-ын удирдах албан тушаалтан гэх зэрэг 234251 албан хаагчид үйлчилнэ.

Төрийн ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн, тогтвортой байх, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах, ил тод байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, захирах, захирагдах ёсыг баримтлах гэсэн 8 зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төрийн албанд сонгон шалгаруулахдаа чадахуйн зарчмыг баримталж ирсэн нь оновчгүй байсан гээд Б.Баттөмөр гишүүд зарим баримт, мэдээллийг дурдлаа. Үүн дээр шинээр баталсан хуулиар хүнлэг, энэрэнгүй байх; үнэнч, шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх ёс зүйн зарчмыг төрийн албан хаагчид мөрдөх болж байгааг танилцууллаа.

Дээр дурдагдсан 234251 албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлд заасан үүргээс гадна Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар дараах үүргийг хүлээж байгаа аж. Иргэний хүсэлтэд анхааралтай хандаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариу өгөх, эрх бүхий байгууллагаас баталсан хувцаслалтын шаардлагыг баримтлах, бусдын бие эрхтэний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх, бусдын ажил хэргийн санаа бодлыг үл хүндэтгэх, мушгин гуйвуулахгүй байх, худал мэдээллийг аливаа хэлбэрээр тараахгүй байх, бусдын өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, сурч боловсрох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хясан боогдуулахгүй байх, албан томилолтоор гадаад улсад ажиллахдаа дипломат ёс, жаягийг чанд баримтлах, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, албаны нэрийг хувийн зорилгоор ашиглахгүй байх зэрэг үүргийг шинээр хүлээх юм байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглох зүйлс болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах зүйлсийг хориглохоор Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд тусгасныг Б.Баттөмөр гишүүн танилцууллаа. Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах; удирдлагадаа байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, оролцох санал тавих хүний эмзэг болон хувийн мэдээллийг бусдад дамжуулах, гутаах, албаны чиг үүрэгтэй холбоотой мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, буруу, дутуу мэдээлэл, тайлбар өгөх зэргээр удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлөх; үндэсний өв уламжлал, ёс заншлыг гутаах, доромжлох, үйлдэл хийх, соёлын ялгаатай хэв шинжийг харьцуулах, шүүмжлэх, ялгавартай хандах, албаны чиг үүрэгтэйгээ холбоогүй хууль зөрчсөн амлалт өгөх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд  согтууруулах ундаа хэрэглэхийг хуулиар хориглосон байна.

Хуультай холбогдуулан журам гаргах бөгөөд ингэхдээ Ёс зүйн хорооны саналыг авахаар хуульчилжээ. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг эрхлэх эрх бүхий Ёс зүйн хороо нь Төрийн албаны дэргэд ажиллах бөгөөд 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Энэ хорооны бүрэлдэхүүн буюу Ёс зүйн дэд хороо нь төрийн байгууллага бүрийн дэргэд ажиллах бөгөөд Албан хаагчдын тооноос хамаараад 3-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульд тусгажээ. Түүнчлэн Засгийн газрын дэргэд Ёс зүйн дэд хороо ажиллах юм байна. Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо нь нийт 68 байгууллагын 188 албан хаагчийн, Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 673 байгууллагын 2387 албан хаагчийн ёс зүйн гомдол, мэдээллийг харьяалан шийдвэрлэх аж. Харин төрийн байгууллага бүр дэргэдээ Ёс зүйн дэд хороо байгуулснаар нийт 4232 Ёс зүйн дэд хороо бий болох бөгөөд тэдгээр нь 222648 албан хаагчийн ёс зүйн гомдол, мэдээллийг харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан хэмээн Б.Баттөмөр гишүүн уулзалтад оролцогчдод танилцууллаа.

Үргэлжлүүлэн тэрбээр ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажиллагааны талаарх хууль дахь зохицуулалтуудын талаар мэдээлэл танилцуулав. “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна. Мөн төрийн албаны Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо систем дэх “Ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналт” систем ажиллуулах аж. Зөвлөл бүр ирсэн гомдол, мэдээллийн мөрөөр ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, зөрчил арилгах арга хэмжээ авах бөгөөд зөрчил, шийдвэрлэлтийн талаар олон нийтэд мэдээлэх үүргийг хуулиар хүлээжээ. Үүний зэрэгцээ сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг хүлээж байгаа юм байна. Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд харьяалах дээд шатны байгууллагын Дэд хороо, Хороонд хүргүүлнэ. Шийдвэр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандах зохицуулалтыг хуульд тусгажээ.

Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид гомдол гаргагчид, эсвэл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох, өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах, эсвэл Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах зэрэг хариуцлагыг хүлээлгэх юм. Түүнчлэн төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөнөө сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх боломжтой. Албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулахыг хуульчилсан байна. Мөн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй бол энэ талаарх мэдээллийг нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай холбогдуулан УИХ төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр баталж, мөрдүүлэх бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо “Ёс зүйн хорооны үйл ажиллагааны дүрэм” байнгын хорооны тогтоолоор баталж, мөрдүүлэх юм байна. Төрийн албаны дэргэдэх Ёс зүйн хороо нь “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, түүнд хүлээлгэсэн хариуцлагын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн цахим санг удирдах, хөгжүүлэх, ёс зүйн зөрчлийн талаар олон нийтэд мэдээлэх журам”-ыг тус тус батлах ажлыг гүйцэтгэх шаардлагатайг Б.Баттөмөр гишүүн танилцуулгынхаа төгсгөлд хэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд манлайлж ажиллах бүрэлдэхүүн уулзалтад хүрэлцэн ирээд байгааг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга онцлон тэмдэглээд, “Та бүгд байгууллага бүрдээ Ёс зүйн дэд хороо байгуулж ажиллана. Тун ойрын хугацаанд буюу 5-6 дугаар сард Ёс зүйн хороогоо байгуулна. Үүний дараа Ёс зүйн хороо нь дэд хороодоо байгуулах журмыг бол батална. Та бүхэнд хуулийг манлайлан хэрэгжүүлэх үүрэг оногдож байна” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ