Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг хангах чиглэлд нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна
2023.05.12

Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг хангах чиглэлд нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна

Батсүмбэр суманд ажиллаж, иргэдтэй уулзалт хийж, улс орны нийгэм эдийн засгийн байдлыг танилцуулан, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотой иргэдийнхээ үзэл бодлыг сонсож, санал хүсэлтийг нь авлаа.

Уулзалтаар сумын эдийн засгийн чадавхыг сайжруулах, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг хангах, гунж бойжуулах, үхэр бордох төрөлжсөн аж ахуй байгуулах, хүнсний ногоо, малын тэжээлийн тариалалт хийх, услалтын системийг шинэчлэх, аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх талаар аймаг, сум орон нутгийн удирдлагуудтай хамтран бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Мөн суманд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд, Нийгмийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, ирэх онуудад хийгдэх ажлуудын талаар сумын удирдлагууд, иргэдтэйгээ санал солилцлоо. 2021 онд эхэлсэн Мандалын голын төмөр бетон гүүрний шинэчлэлийн ажил дуусаж, ашиглалтад орсон байна.

Үргэлжлүүлэн Сөгнөгөр-Баянгол 3-р багт байрлаж байгаа Ахмад настны үндэсний төвийн асруулагч, ахмадуудтай уулзаж, санал хүсэлт, захиасыг нь сонсож, нэн тулгамдаж буй асуудал болох Батсүмбэр сумаас АНҮТ хүртэлх 10.7 км автозам, Баянгол дээрх төмөр бетон гүүрний барилгын ажлыг 2024 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхээр онцгой анхаарч ажиллаж байгааг танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ