МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.05.18

Д.Өнөрболор: Төсвөө алдагдалтай баталж ирсэн эдийн засгийн ачааг ард түмэн нуруун дээрээ үүрсээр байна

УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Монгол Улсын эдийн засгийг  5,4-6,5%, хэрэглээний үнийн өсөлтийн инфляцыг 6-8 хувиар төсөөлж байгаа аж. Манай улсын өрийн эмзэг байдлын шинжилгээний 5 индикаторын гурав дээр нь анхааруулга дээд түвшнээс давсан дүр зурагтай байна. Дэлхийн эдийн засгийн эрсдэлтэй нөхцөл байдал манай улсын эдийн засагт нөлөөлж байгаа нөлөөллийг давхар тооцохыг олон улсын байгууллагаас анхааруулсаар байгаа. Олон улсын валютын сангийн тооцооллоор дэлхийн эдийн засгийн ирэх 5 жилийн өсөлт 3 орчим хувь байна гэж төсөөлж буй. 20 жилийн дундаж 3,8-аас бага байна гэсэн тооцоо гарчээ.

Гадаад орчны эрсдэл, өрийн нөхцөл байдал маш эмзэг байгаа. Дэлхийн эдийн засаг бага өсөлттэй байгаа энэ үед ямар үндэслэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 5% байна гэж баталсан бэ? Энэ талаар тодруулна уу?

Төсвийн зарлагаа энэ оны түвшнээс 3 их наядаар нэмэгдүүлээд оруулж ирж байна. Энэ хэрээр орлогоо өсгөж байгаа гэж ойлголоо. Манай улс 2000 оноос хойш төсвийн зардлын бүтцэд бараг өөрчлөлт ороогүй. Урсгал зардал нийт төсвийн 80 орчим хувийг, хөрөнгийн зардал 20 хувийг эзэлж ирсэн гэдэг маань зардлын хэмжээ ДНБ-ний бараг 40 хувь руу орлоо. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсан ач холбогдлоор нь аваад үзвэл макро эдийн засгийнхаа үндсэн үзүүлэлт, Сангийн яам нь төсөв талаасааа нэгтгэж маш том дорвитой шинэчлэл, өөрчлөлт хийнэ байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл 15 жилийн хугацаанд өр үйлдвэрлэж ирсэн, алдагдалтай ялангуяа 2024 онд -1,8 их наядын алдагдалтай, 2025 онд -1,4 их наяд, 2026 онд -1,5 их наядын алдагдалтай гэж оруулж ирж байгаа энэ байдал өнөөг хүртэл бид алдагдалтай төсөв баталж ирсэн талаар харуулж байна. Ийм адилхан жишгээр төсвийнхөө төсөөллийг оруулж ирж байгаад эмзэглэж байна.

Макро эдийн засгийн үзүүлэлтүүд маш сайн болсон. Эдийн засаг өсөөд байна гэж буй боловч энэ өсөлт хэзээ ард иргэдийн амьдралд нөлөөлөх вэ? Өнөөг хүртэл явж ирсэн алдагдал, өр төлбөр, инфляц, үнийн өсөлтийг чинь ард иргэд нуруун дээр үүрч ирлээ. Одоо үнэхээр хангалттай, үүнээс цаашаа бид чадахгүй нь ээ гэж ард иргэд ярьж байна шүү дээ. Бухимдал нь дээд цэгт хүрсэн байна. Бид хөрсөн дээрээ бууж ажиллах ёстой юм биш үү. Төсвийнхөө шинэчлэлийг хэзээ хийх юм бэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ