МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол-Хорватын парламентын бүлэг байгуулагдлаа
2023.05.19
Улстөр

Монгол-Хорватын парламентын бүлэг байгуулагдлаа

Миний бие өөрийн найз, Бүгд Найрамдах Хорват улсын парламентын гишүүн Domagot Hajdukovic-тай хамтран санаачилсны үндсэн дээр Монгол Улсын Их Хуралд Монгол-Хорватын парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь томилогдлоо.

Энэ хүрээнд Хорват улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Darion Mihelin болон Хорват улсын өргөмжит консул П.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзаж санал солилцсон юм.

Элчин сайд Darion Mihelin хоёр улсын хамтын ажиллагааг хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэж, парламентын бүлэг байгуулсанд талархаж байгаагаа илэрхийллээ. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд уулзалтаар тус улсад тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, ногоон хөгжлийн туршлага хуваалцахад хамтран ажиллахаар боллоо.

Дэлхийн банкны үнэлгээгээр Хорват нь хүний хөгжлийн өндөр индекстэй, эдийн засаг нь аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараас шууд хамааралтай, мөн 3.9 сая хүн амтай ч жилд 20 сая жуулчин хүлээж авдаг, жуулчдын дунд алдартай 20 улсын нэгээр нэрлэгддэг. Монгол-Хорватын парламентын бүлэгт миний бие болон УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн, Б.Саранчимэг, Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Ц.Идэрбат нар ажиллах бөгөөд хоёр улсын эдийн засаг, гадаад худалдаа, ялангуяа аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд шинэ гарц нээнэ гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ