Орон нутгийн нислэгийн үнэ долоодугаар сараас 50-70 хувь хямдарна
2023.05.24
Зам, Тээвэр

Орон нутгийн нислэгийн үнэ долоодугаар сараас 50-70 хувь хямдарна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 01-нээс хуваарьт нислэг үйлдэж эхэлнэ.

Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ, орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурна.

“Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг эдийн засгийн дарамтгүй, хүртээмжтэй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ шийдвэр гарлаа. Ингэснээр алслагдсан бүс нутгийн ард иргэд хүртээмжтэй, хямд тийз бүхий нислэгтэй болсноор гаднын жуулчид олон цаг, олон хоног хөдөө орон нутгийн замд автомашинаар зорчих асуудал эрс багасаж, тав тухтай аялах боломж бүрдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд мэдээлэл хийхдээ онцлов.

ШИНЭ МЭДЭЭ