Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсанаар ёс зүйн хэм хэмжээнд өөрчлөлт гарах уу
Аливаа улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг “төр” хэмээх ойлголтоос ангид авч үзэх боломжгүй. Харин манай улсын төрийн алба нь үндсэн үүргээ гүйцэтгэх чадамж хомсдож, улмаар нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх легитимт чанар доройтож, төрд итгэх ард түмний итгэл буурсан. Энэ нь засаглал, үндэсний аюулгүй байдалд нүүрлэх ноцтой асуудал гэж судлаачид дүгнэсэн бөгөөд энэ талаар ч ард иргэд санал бодлоо илэрхийлсэн байдаг.
Түүнчлэн Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулиар бий болгох, 89.4 хувь нь төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэхийг, 87.9 хувь нь төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, мэдлэг чадварт суурилсан, улс төрөөс ангид байхыг дэмжиж энэ чиглэлээр эрх зүйн хамгаалалтыг бий болгох талаар саналаа илэрхийлсэн байдаг.
Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчилсэн найруулгаар баталж, төрийн улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлж буй этгээдийн ёс зүйн хэм хэмжээг хууль тогтоомжоор тогтоохоор, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж буй төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зааснаар төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг журамлан зохицуулж байна.
Хэдийгээр Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар хууль, дүрэм цөөнгүй боловч төрийн албаны бүх түвшинд ёс зүй, хариуцлагын арга хэмжээний үр нөлөө бага, зохицуулалт сул, ёс зүйн зөрчил маргааныг хянан шийдвэрлэх тогтолцоо, сайтар боловсруулсан ёс зүйн хэм хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх, хэвшүүлэх хууль зүйн механизм үгүйлэгдэж байсан юм.
Иймээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-ын 2022 оны хаврын чуулганаар өргөн мэдүүлсэн билээ. Өргөн мэдүүлсэн цагаас хойш уг хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулан ажилласан.
Хуулийн төслийг 2022,05,27-ны өдөо өргөн мэдүүллээ
Төрийн албаны өнөөгийн байдалд иргэдээс өгсөн үнэлгээг авч үзвэл судалгаанд оролцогчдын 43 хувь нь төрийн албаны үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дунд зэрэг, 18 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Түүнчлэн төрийн албан хаагч ажилдаа сэтгэл гаргаж байгаа байдлыг 48 хувь нь дунд зэрэг, шударга байдалд 32 хувь, ажлын хариуцлагад 45,6 хувь нь дунд ба дундаас доош хэмээн үнэлжээ. Төрийн албан хаагчдын мэргэжлийн болон ёс зүйн талаар бодлогын шинжтэй арга хэмжээ авах шаардлагатай байна гэж судлаачид үзжээ.
Ийм учраас төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг нэгдмэл байдлаар зохицуулсан ерөнхий хуулийг гаргах шаардлагатай гэж үзсэн бөгөөд УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар энэ хуулийн төсөл батлагдсан бөгөөд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ажиллаж, ажлын хэсгийн гишүүдээр Ц.Мөнхцэцэг, Ц.Туваан, Н.Энхболд,Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар ажилласан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, цаашлаад шударга, ёс зүйтэй нийгмийн харилцаа бүрэлдэн тогтохын үндэс суурь юм. Иймд бид төрийн албанаасаа эхлүүлэн ёс зүйтэй, сахилга хариуцлагыг чанд сахих тогтолцоог бүрдүүлж, нийгэмдээ манлайлал үзүүлэх ёстой. Ингэснээр төрд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх боломж бүрдэнэ. Төрд ёс зүйг төлөвшүүлэх нь шударга төр оршихын, гагцхүү хууль засагладаг, эрүүл нийгэм цогцлохын үндэс суурь юм. Төрийн алба авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид, зөвхөн ард түмэндээ үйлчилдэг байх ёстой. Энэ зарчмыг эрх, үүргээ бүрэн ухамсарласан, ёс зүйтэй төрийн алба хаагч л хэрэгжүүлж чадна.
УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр:
Тус хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг бүхий л шатны төрийн албан хаагчид хамаарах юм. Уг хуулийн төсөл батлагдсанаар төрийн албан хаагчид нийтлэг мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, шаардлагын тогтоож түүнийг сахин мөрдөж ёс зүйтэй төрийн алба төлөвшиж төрийн албанд иргэдийн итгэх итгэл нэмэгдэх юм.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах үр дагавар гарна:
- Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёл төлөвшинө;
- Тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй төрийн алба төлөвшиж, төрийн албанд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ;
- Төрийн албан хаагчдад хүлээлгэх ёс зүйн хариуцлагын төрөл, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам тодорхой болно;
- Төрийн албан хаагч ёс зүйн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Ёс зүйг хуульчлах нь зохисгүй мэт боловч өнөөгийн нийгмийн ёс суртахууны доройтол, ард иргэдийн Төрдөө итгэх итгэл алдарсан, төрийн албан хаагчдын үйлчилгээ харилцаанд сэтгэл ханамжгүй байдал, авлига ашиг сонирхлын асуудал хирээс хэтэрсэн зэрэг олон нөхцөл байдлаас үүдэн энэхүү хуулийг санаачлан ажилласан болно. Монгол улсын хөгжлийн гацаа нь салбар бүрт унасан ёс суртахууны доройтол юм. Төрийн түшээд, өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчид манлайлал үзүүлж ёс зүйн өндөр сахилга батыг үзүүлж чадвал ард иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэн нийгэм илааршиж, бид хөгжлийн гацаанаас гарах болно гэдэгт итгэдэг. Өөрөөр хэлбэл Төр цэвэр бол Улс хүчтэй, Иргэд нь амар амгалан байна. Харин иргэдийн идэвхтэй оролцоо хяналт Төрийн албаны тунгалаг байдалд асар их нөлөөтэй гэдгийг санаж энэ хуулийн хэрэгжилтэд иргэн бүр хяналтаа тавих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Сахилгын заалтуудтай уялдаж ёс зүйн асуудлыг ярих шаардлагатай. Төрийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байх үедээ архидан согтуурах, мансуурах төрлийн ямар нэгэн үйлдэл гаргахыг хуулиар хориглосон. Уг хориглосон үйлдлийг төрийн албан хаагч гаргавал яах вэ гэдэг асуудал хуулиар шийдэгдээгүй. Тиймээс ёс зүйн асуудалд сахилгын шийтгэл хүлээлгэдэг байх хэрэгтэй. Хэрвээ төрийн албан хаагч алба үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурвал тодорхой хэмжээнд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр чөлөөлөх эсвэл нэг мөсөн чөлөөлдөг хоёр хувилбарыг энэхүү хуульд тусгах шаардлагатай.
Манай улсад саяхан батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг бие даасан хуулиар Япон, БНСУ, Тайвань улс зохицуулдаг бол Канад улс 1985 оноос Төрийн албан хаагчийн үнэт зүйлс, ёс зүйн кодыг батлан, түүнд Холбооны улсын төрийн албан хаагчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхтэй холбоотой үнэт зүйлс, зан үйлийн дагуу баримтлах зүйлийг зохицуулдаг байна. Харин Япон улсын Төрийн албаны ёс зүйн тухай үндэсний хуулийн зорилго, төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих үүрэгтэй ёс зүйн зөвлөлийн ажиллах журамтай ажээ.