2023.05.29
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Аж үйлдвэржилтийн үндэсний хороо үйлдвэрлэгч улс болох шилжилтийг эхлүүлэхийн төлөө ажиллана
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий “Аж үйлдвэржилтийн үндэсний хороо”-г Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард байгуулж, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар ахлан ажиллаж байгаа.
Тус хороо анхны хуралдаанаар Үндэсний хорооны ажиллах дүрмийг баталж, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төслийг хэлэлцэн хорооны дэргэд 4 дэд хороо /нүүрс гүн боловсруулах, зэс, хар төмөрлөг, хөнгөн аж үйлдвэр/-той байхаар тогтсон. Үндэсний хорооны гол зорилго нь аж үйлдвэржилтийн салбарт эхний ээлжид бодитоор хэрэгжихүйц төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх юм.
Энэ хүрээнд “Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн”-ийг 5 сарын 26-ны өдөр зохион байгуулж, тал бүрийн төлөөлөлтэй хэлэлцүүлгүүд хийж, хорооны цаашдын барьж ажиллах ажлын чиглэл, дээрх төслүүд дэх боломж-сорилт, тулгамдсан асуудлын шийдлийг гаргахаар ажиллалаа.