Засгийн эрх хэнд байхаас үл хамаарч тодорхойлсон бодлогыг үргэлжлүүлэн хийдэг байх нь чухал
2023.05.31
Орон нутгийн хөгжил

Засгийн эрх хэнд байхаас үл хамаарч тодорхойлсон бодлогыг үргэлжлүүлэн хийдэг байх нь чухал

Худалдаа үйлчилгээний зах, төвүүд төвлөрсөн, хүн ам ихтэй Улаанбаатар хотын томоохон дүүргүүдийн нэг бол Баянзүрх билээ. Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга А.Баяртай ярилцлаа.

-Баянзүрх дүүрэг дунд болон урт хугацаанд бодлогоо тодорхойлсон анхны дүүрэг болсон. Энэ талаар дэлгэрүүлэн ярилцъя.

Баянзүрх дүүрэг дунд хугацаанд хэрэгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгээ баталлаа. Иргэдийн Хурал, эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг хоёр жилийн хугацаанд төрийн байгууллага, иргэдтэй 100 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсны үндсэн дээр ийнхүү баталсан юм.

“Хөгжлийн зураглал 2030”-д хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, хотжилт, засаглал гэсэн 5 үндсэн зорилгын хүрээнд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон бусад эх үүсвэрээр нэн түрүүнд хийх шаардлагатай ажлуудыг тодорхойлж эрэмбэлэн, цэгцтэй хөгжих боломжийг тусгаж өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн иргэд юу хүсэж байгааг тодорхойлсон нь хамгийн чухал гэдгийг онцлох ёстой.

-Үндсэн таван зорилгоо хэрхэн гаргаж ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ. Онцлох ажлуудаас дурдвал?

Улс орны хөгжлийг дан ганц бүтээн байгуулалт, эдийн засгийн тоон үзүүлэлтээр хэмжих нь зохисгүй. Боловсролтой, эрүүл хүн улсын гол баялаг, хөгжлийн хүч юм. Тиймээс нэн түрүүнд хүний хөгжилд хийх зорилтуудаа чиглүүлж, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл гэсэн гурван үндсэн концепцод анхаарал хандуулж ажиллана.  Хүн амын төвлөрөл их учир нийгмийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх шаардлага тулгардаг.

Тиймээс дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахаас гадна шинээр өрхийн эрүүл мэндийн төвүүд, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий нийгмийн эрүүл мэндийн төв байгуулахаар зорин ажиллаж байна.

Улсын хөгжил хүний хөгжлөөс шалтгаална

Боловсролын тухайд аливаа зүйлд анализ хийх өндөр чадвартай залуучуудыг бэлдэхээр болж ерөнхий боловсролын сургуулиудад илтгэх индэр буюу “Мэтгэлцээний клуб” байгуулан, үйл ажиллагааг нь дэмжих ажлыг эхлүүлсэн. Бие хүн болж төлөвшиж буй цаг хугацаандаа өөрийн үзэл бодлоо цэгцтэй, зөв илэрхийлдэг, бусдадаа ойлгуулж чаддаг байх нь чухал. Мөн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай хамтран “Мэргэжил бүхэн сайхан” төслийг ч хэрэгжүүлж байна. Энэ төслөөр мэргэжил бүрийн үнэ цэнийг сурагч дүү нартаа ойлгуулахыг зорьж буй. Тухайлбал Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцуулж, мэргэжлээ сонгоход нь баримжаа өгөх юм.

Харин гэр бүлийн чиглэлд хэд хэдэн зорилтууд тусгагдсаны дотроос онцолбол “Залуу ээжүүдийн хөгжлийн төв” байгуулна. Учир нь жирэмсэн болон төрсөн эхчүүд өөртөө цаг зарцуулах болон сурч боловсрох тал дээр алддаг. Энэ ажлын эхлэл болгож тусгай баг бүрэлдэхүүн, Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулан хамтран ажиллаж байна.

-“Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичиг биелэлээ олсноор Баянзүрх дүүрэг ямар дүүрэг болох вэ?

Баянзүрх дүүрэг өөрсдийн онцлогоо ашиглан хөрөнгө оруулалт татдаг, бусад дүүрэгтээ жишиг болохуйц дүүрэг болохоор зорьж байгаа юм. Бие даасан эдийн засагтай, гаднаас хөрөнгө оруулалт татдаг байхаар хөгжлийн баримжаагаа тодорхойлсон нь бидний хамгийн чухал зорилт билээ. Манай дүүргийн хувьд худалдаа үйлчилгээний томоохон зах, төвүүд төвлөрсөн байдгаараа бусад дүүргүүдээс ялгардаг тул эдгээрийг зөв зохион байгуулалтад оруулж, арилжааны дүүрэг болохыг зорьж байна. Уг зорилтдоо тулгуурлан шөнийн худалдаа, үйлчилгээг бий болгож, бүсчлэн ажиллах, уян хатан цагийн зохицуулалттай байхаар төлөвлөсөн.

Ингэснээр авто замын ачаалал буурах, иргэдийн худалдаа хийх, үйлчилгээ авах боломж нэмэгдэх юм. Тодорхой хэмжээний санхүүжилтийг хувийн хэвшил, олон улсын байгууллагаас авахаар зорьж ажиллаж буй. 

-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцъя. Танай баг хамт олон хэрхэн ажиллаж байна вэ?

Манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 43 төлөөлөгчтэй. 1992 оноос хойш өнөөг хүртэл бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дотроос хамгийн үр дүнтэй ажиллаж байгаа бүтэц. Бид дүүргийнхээ “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримтыг төлөөлөгчдийнхөө 100 хувийн саналаар баталсан. Мөн 2022, 2023 оны төсөв болон бусад бүх асуудлыг 100 хувийн ирц болон дэмжлэгээр батлан ажиллаж байгаа.

Гурван намын төлөөлөлтэй ч үндсэн ажил үүрэг дээрээ санал нэгддэг. Ялангуяа сөрөг хүчнийхэн улс төржилтийг даван гарч ажиллах орчин нөхцөл, боломж бололцоогоор хангаж, хатууд хатуу зөөлөнд зөөлөн байх бодлогын хэв маягийг зөв шингээж өгдөг. Миний бие Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд 2024 он хүртэл өв соёлоо тээсэн, бодлого тодорхойлогч, хөрөнгө оруулагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх гэсэн зорилтуудыг тавьсан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол төр ба иргэнийг холбох гүүр юм

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зөв бодлого тодорхойлдог байх ёстой. Засаглалын хувьд тогтвортой, жендерийн эрх тэгш байдлыг хангасан, хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийнхээ дагуу ажиллах ёстой. Бидний баталсан Баянзүрх дүүргийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг дараагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үргэлжлүүлэн хийдэг байх нь л гол юм даа.

Аль ч намаас сонгогдож, ялалт байгуулсан нь хамаагүй, тодорхойлсон бодлого, чиглэлийг улс төржихгүйгээр удирдан авч явах хэрэгтэй. Учир нь иргэдийн маань хүсэн хүлээж байгаа бүхнийг олон удаагийн судалгаагаар илрүүлж мэргэжлийн баг бүрэлдэхүүн уг төлөвлөгөөг томьёолон гаргасан. Тиймдээ ч Хөгжлийн зураглал-2030 нь ирэх 10 жилийн хугацаанд засгийн эрх хэнд байхаас үл хамааран хэрэгжих дүүргийн хөгжлийн бодлогын гол суурь гэдгийг дахин онцлон хэлье. 

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VI хуралдааны тэмдэглэлээс эш татав. 

Хөгжлийн зураглал-2030 бодлогын баримт бичгийг боловсруулахад оролцсон, хамтран ажилласан Зөвлөх баг, Ажлын хэсгийн гишүүд, Төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид, санал асуулга, судалгаа, уулзалтуудад идэвхтэй оролцож дүүргийн хөгжлийн төлөө саналаа илэрхийлсэн нийт иргэд, дүүрэг, иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж, намын үзэл гаргалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, хамтын ажиллагаагаа ахиулж, хөгжлийг сүвэгчлэх үнэн хүслийг өвөрлөж ажилласан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд гүн талархал илэрхийлье.

ШИНЭ МЭДЭЭ