УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Тоо нэмэх асуудалд эмзэг хандаж байна. Хэдийгээр өнөөдрийн тэгш бус байдал, авлига хээл хахууль, тогтворгүй засаглал, мөнгөний сонгууль гээд гал унтраах байдлаар аргацааж ирсэн энэ тогтолцоог засахын төлөөх Засгийн газрын санаачилгыг сонгуулийн тогтолцооны хувьд нь дэмжиж байгаа боловч өндөр тооны ард илүү шударга, ёс зүйтэй, улс орныхоо эрх ашгийг эрэмбэлж чаддаг, ёс суртахуунтай төлөөлөгчийг сонгох хүсэлтэй байгаагаа иргэд хатуу шаардаж байна.
Мөн ард иргэд холимог тогтолцоог дэмжиж байгаа боловч жагсаалтын цаана нөгөө л нэг улс орноо тоносон, дээрэмдсэн, ёс зүйгүй улсуудын төлөөлөл орж ирэх вий гэдгээс болгоомжилж байна. Итгэхгүй байгаагаа ч хатуу шаардаж байна. УИХ-д суудалгүй намууд жагсаалтаа эрэмбэлж худалддаг мөнгөний сонгууль болох эрсдэл байгааг ч бас хэлж, шүүмжилж байгаа юм. Иргэд сонгох эрхээ, сайхан амьдрах боломжоо, улс орныхоо ирээдүйг дахиад бусдад алдах вий гэхээс маш их эмээж байна. Иргэд төр хоёрын хоорондын итгэлцэл ан цав үүссэн. Энэ итгэлцэл алдагдсан байгааг анхаарах ёстой.
Ерөнхий сайд энд байсан бол иргэдээс өгсөн ажил хэрэгч асуултыг асууя гэж бодсон юм. Засгийн газар хууль санаачилсныхаа хувьд мөн намын даргын хувиар энэ асуултыг асууя. Сонгуулийн хууль, журам, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл нэр дэвшилтээс ихээхэн хамаарч Үндсэн хуулийн өөрчлөлт явагдана. Энэ өөрчлөлтийг тайлбарлаад байгаа шигээ үзэл баримтлалыг амилуулах баталгааг иргэд асууж, нэхэж байна. үүн дээр байр суурийг нь сонсъё гэж бодсон юм.
Цаашид сонгуулийн болон улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хэлэлцэх үед ард иргэдээс ирж байгаа олон асуудлуудын хариу, шийдлийг нэхэж шаардсаар ажиллана. Иргэд олон түмэн сүүлийн 30 жил манай улс засаглалтай байсан юм уу. Хэрэв төр засаг байдаг шигээ сайн засаглалтай байсан бол хулгай, дээрэм, луйвар болох байсан уу? Дэлхий дээрх ардчилалын илэрхийлэл болсон ард түмний элч төлөөлөгчдийг Монгол улс хулгайч гэдэг нэр цолтой болох хэмжээнд хүрэх байсан юм уу? Албан тушаалтнууд, хууль тогтоогчид ард түмнийхээ өмнө хэлэх үг, учирлан ойлголцох боломжгүй болох хүртлээ ичгүүртэй нөхцөл байдал болох байсан уу гэдэг асуудлыг хэлж байна.