МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.08

Ц.Идэрбат: Орон нутагт хүнсний бүтээгдэхүүн худалдан авах бололцоог тендерийн хуулиар нээж өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2023,06,08/-ны өдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Сургуулийн сандал, ширээ хийхэд тусгай зөвшөөрлийн хэрэггүй байдаг. Мод тариад гадуур нь хашаа барихад тусгай зөвшөөрлийн хэрэггүй байдаг. Энэ зохицуулалтыг яаж хийж байгаа вэ? Хийсэн бэ? Би үүнийг гурав дахь удаагаа та бүхнээс асууж байна.

Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ялангуяа боловсролын салбарын төсвийн байгууллагуудын худалдан авалт тэр дундаа хүнсний ногоог худалдан авах бололцоог тендерийн хуулиар нээгээд өгөөч. Орон нутагт ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг эмнэлгийн эрхлэгч нар хүнсний бүтээгдэхүүн худалдаж авна гэдэг хүнд байдаг гэдэг. Та бүхэн хариулахдаа Боловсролын Ерөнхий газар журам боловсруулж байгаа гэсэн. Амьдрал дээр хуулиас давсан журам байхгүй учраас уг хуульд худалдан авалтын асуудлыг хөнгөвчлөөд, нээгээд өгчихвөл хүүхдийн үдийн цай, байрны хүүхдүүдийн хоолны мөнгө хүрэхгүй. Цэцэрлэгийн хүүхэд 2475 төгрөгөөр бүтэн өдрийн хоолыг зохицуулах гээд байгаа зүйл хялбаршаад явах юм. Энэ хоёр үндсэн зүйл дээр ямар өөрчлөлт оруулсан бэ?

ААН, хуулийн этгээд гэсэн үгийн өмнө иргэн гээд нэмчихвэл болчих гээд байгаа юм л даа. Тэгээд тусгай зөвшөөрөлтэй ААН-ээр хийлгэх үү, иргэнээр хийлгэх үү гэдгээ тухайн сумын удирдлагууд шийдчих хэрэгтэй. Миний хувьд жишээ яриад байгаа шүү дээ. Хэнтий аймгийн Батширээт сумын Алтанхуяг гэдэг хүн сургуулийн ширээ, сандлыг хиймээр байна. Гэтэл заавал тусгай зөвшөөрөлтэй компани гэдэг. Амьдрал дээр тусгай зөвшөөрөлтэй компани, ААН-үүд нь гадаадаас худалдаж авч оруулж ирдэг. Тэр нь чанарын хувьд өөрсдийн хийснээс нь шал өөр байдаг. Эдгээрийг хэрхэн шийдэх вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ