МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.06.14

Г.Ганболд: Малчид нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой юу?

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.06.14/ хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

Энэ удаагийн тодотголыг дэмжиж байгаа. Өмнөх тодотголуудаас онцлогтой нь шууд ард иргэдийн гар дээр цалин болж нэмэгдэж очиж буй нь сайн хэрэг. Цаашдаа салбарууд дур зоргоороо цалингаа нэмдэггүй, Засгийн газраас цалин хөлсний нэгдсэн бодлоготой болж байгаа хамгийн том давуу тал гэж бодож байна. Засаг нэмэх юм бол улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэг хувиар нэмэгдээд явдаг тогтолцоо руу орж байна гэж ойлгож байгаа юм.

Манай байнгын хороон дээр орж ирж байгаа тодотголоор цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой тоо орж ирж байгаа учраас үүн дээр асуух асуулт байхгүй. Гэхдээ төсвийг бүхэлд нь харахаар энд орж ирсэн 5 яамных дотроо ямар ч хөдөлгөөнгүй байгаа юм. Зарим яамдын зардлын зүйл ангиуд нь гүйцсэн юм байна лээ. Тэр нь болох уу?

Байнгын хороогоор энэ асуудлаа л хэлэлцэх үү. Эсвэл дагаж орж ирэх хуулиуд дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад Төсвийн байнгын хороо руу оруулах боломж байгаа юу? Тэгвэл би дагах хуулиудад хэдэн юм яримаар байна. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын багц хууль орж ирж байгаатай холбоотой төрийн албан хаагчдын цалин нэмэгдчихэж байгаа юм.

Хөдөө аж ахуйн байнгын хорооны хувьд хөдөөгийн малчдын асуудалд анхаарах хэрэгтэй. Тэд тогтмол цалин хөлстэй биш. Бид нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль гаргаад, хэрэгжиж байсан. Тухайн үед хуулийн талаар иргэд төдийлөн ойлгохгүй, нөхөн төлж чадаагүй хохироод үлдсэн л дээ. Малчдын зүгээс нэг жилээр ч гэсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг хэрэгжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Үүнийг дагах хуулиар оруулвал малчид нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой юу?

Хөдөө аж ахуйн салбарынхны төрөөс авч буй цалин хөлс бага. Энэ агуулгаараа малын эрүүл мэнд гээд ярьж байна. Хөдөөгийн бүх багууд дээр хувийн мал эмнэлэг бий. Төрөөс үйлчилгээ үзүүлж буй тарифын асуудал яаж явж байгаа вэ? Тодотгол дагаад малын эрүүл мэнд, вакцинжуулалттай холбоотой үйлчилгээний тариф нэмэх талаар анхаарсан зүйл байна уу?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ