МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

НББХ төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ
2023.06.15
Эдийн засаг, Худалдаа

НББХ төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.06.14)-ийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдийн талаарх танилцуулгадаа, Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт гарсан боловч инфляц төдийлөн буурахгүй, иргэдийн бодит орлогод нөлөөлж байгааг дурдаад, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголын төсөлд иргэдийнхээ орлогын баталгаа, амьдрах орчныг сайжруулах, хотын түгжрэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан талаар дурдав. Төсвийн тодотголын арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1,7 их наяд төгрөгөөр, нийт зарлага 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн нийт алдагдал 1,6 их наяд төгрөг буюу анх батлагдсан ДНБ-ий 2,6 хувиас хэтрэхгүй байхаар төсөвлөсөн байна.

Хуулийн төслүүдийн талаар аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцууллаа. Дүгнэлтэд, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд нийт зарлагын дийлэнхийг төлөвлөж байгаа нь иргэдийн амьжиргааг дэмжих эерэг талтай гэжээ. Мөн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Улсын Их хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж Үндэсний Аудитын газар үзсэн байна.

Төсвийн тодотголын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Бейсен нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу зардал, санхүүжилт нь хасагдсан дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийг хэрхэх, Зоонозын төв зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй хамааралгүй байгууллагуудын ажилчдын цалин хөлс хэрхэн нэмэгдэх, төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд дутуу орхисон барилга байгууламжийг хэрхэн үргэлжлүүлэх, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тухай, асрамжийн газарт хүмүүжиж байгаа хүүхэд, ахмад настнуудыг халамж анхаарлаас орхигдуулахгүй байх, өндөр насны тэтгэврийн зөрүүг арилгаж байгаа аргачлал, нийтийн тээврийн хэрэгслийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолын тухай, энэ удаагийн цалингийн нэмэгдлийг дагаад хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалинг хэрхэн шийдвэрлэхийг судалсан эсэх, бизнесийн салбарынхны бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф нэмэгдэх эсэх, төсвийн тодотголын төсөлд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны саналыг авч тусгасан эсэх, бүтцийн өөрчлөлт оруулж буй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын асуудлыг дагаад аймаг, нийслэлийн холбогдох бүтцэд ямар өөрчлөлт орох, 2020, 2021 онд Нийгмийн даатгалын тэтгэвэр тогтоолтод хийсэн улсын үзлэг, шалгалтын дүн, буруу тогтоосноос тэтгэвэр авагч нар болон Нийгмийн даатгалын санд учирсан хор хохирлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуурх айл иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлэх асуудлыг 2024 оны төсөвт тусгаж шийдвэрлэх эсэх, эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалингийн сүлжээг хоёр дахин нэмэгдүүлэх, магадлан итгэмжлэгдээгүй зарим анхан шатны эмнэлгийн санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох албаны хүмүүсээс хариулт авлаа.

Харин хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх Улсын Их Хурлын гишүүн гараагүй тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын сангйин 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ