МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг сонслоо
2023.06.15
Хүний эрх

Олон улсын гэрээний хэрэгжилтийн тайланг сонслоо

НББХ-ны /2023,06,15/-ны хуралдаанаар Монгол Улсын олон талт олон улсын гэрээ, гэрээний хорооны зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг сонслоо.

Монгол Улс хүний эрхийн 48, хүрээлэн буй орчны 24, гэмт хэрэгтэй тэмцэх 30 зэрэг нийт 294 олон талт олон улсын гэрээнд нэгдэж орсныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил тайлан мэдээлэлдээ дурдаад, үүнээс НҮБ болон холбогдох олон улсын байгууллагуудад тайлан хүргүүлдэг 30 конвенц байгааг тэмдэглэсэн юм. Олон талт олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагуудын уялдаа холбоо, зохицуулалт, харилцан мэдээлэл байхгүй, хүний нөөцийн тогтворгүй байдлаас шалтгаалан залгамж чанар алдагддаг байдлыг залруулах үүднээс энэ талаарх дата бааз бий болгох, Монгол Улсын шүүх олон улсын гэрээний заалтыг хэрэгжүүлэх дадлага, туршлага байхгүй, шүүхийн байгууллагын албан хаагчийн олон улсын гэрээний талаарх мэдлэг дутмаг байгааг харгалзах сургалт явуулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, олон улсын гэрээнд нэгдэн орохдоо үүсэж болох хууль эрх зүй, нийгэм, эдийн засаг, санхүүгийн үр нөлөө, хүлээх үүрэг хариуцлага, тэдгээрийг хэрэгжүүлэх боломжтой, эсэхийг нарийвчлан үнэлж, холбогдох хууль, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлж байж нэгдэн орох, нэгдэн орсон гэрээ, конвенцын хэрэгжилтийн тайлан, хэлэлцүүлсэн дүн, өгсөн зөвлөмжийг Улсын Их Хурал, Засгийн газарт танилцуулах, биелэлтэд хяналт тавих нэгдсэн механизм бий болгох, хэрэгжилтийг хангахад төрийн бус байгууллагуудыг оролцуулах, орчуулгыг жигдлэх зэрэг олон тулгамдсан асуудал байгааг тэрбээр мэдээлэлдээ онцлов.

Түүнчлэн тэрбээр, 1966 онд батлагдаж манай улс 1974 онд нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын факт, нэмэлт протоколыг жишээ татаж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хэрэглэх, шүүгч, прокурор, өмгөөлөгч, иргэний нийгмийн байгууллага, оюутан, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ-аас тайлан хүргүүлэх бүрд зөвлөмж өгч буйг дурдаад, тайлан бүрдээ нэгэн хэвийн нөхцөл, байдлыг дурддаг, хэрэгжилт хангалтгүй байдаг нь манайхан гэрээ, конвенцод нэгдэн орсноо л мэддэг болохоос биш тэдгээрт юу гээд заачихсан байгааг мэддэггүйтэй холбоотой гэсэн юм. Үүний хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагаа сул, эрх мэдэлгүй байгааг НҮБ-аас олон удаагийн зөвлөмжөөр сануулсныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил анхааруулав.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс шалтгаалж албадан нүүлгэх эрсдэлтэй тулгарч буй оршин суугчдын гомдлыг шийдвэрлэх, хамгаалах, зохих хууль зүйн хамгаалалт бий болгох өртсөн хүмүүсийг орон байртай болгох, бусад боломжийг баталгаажуулах, газрыг зохих ёсоор үнэлэх, хувийн өмч хөрөнгийг хамгаалах, ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг баталгаажуулах асуудлуудыг ДЭМБ-аас зөвлөж байгааг тэрбээр танилцууллаа. Хүүхдийн эрхийн тухай конвенцыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг тэрбээр мөн онцлоод, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэв.

Мөн, 2006 онд батлагдсан Монгол Улс 2012 онд нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенц дахь оюуны болон сэтгэцийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хэрэгжүүлэх институц, эрх зүйн орчин хангалтгүй байгааг Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулгадаа тэмдэглэв. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай болон Албадан хөдөлмөрийн конвенцуудын хэрэгжилт ч хангалтгүй байгааг тэрбээр цохон дурдаад, үүний хүрээнд хөдөөгийн эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх, цэргийн болон ялтны хөдөлмөр эрхлэлтийг конвенцод нийцүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Жаргалмаа, Д.Батлут, С.Ганбаатар нар асуулт асууж, үг хэлэв.

Байнгын хорооны дарга П.Анужин, өөрийнхөө санаачилгаар ахлан ажиллаж чухал асуудлаар тайлан, дүгнэлт бэлтгэн хэлэлцүүлж буйд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилд талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд олон талт олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилтийг харьяалах мэргэжлийн Байнгын хороогоор хэлэлцдэг байх тухай өөрчлөлт оруулах саналтай байгаагаа хэлэв. Мөн Байнгын хорооны ажлын хэсгүүдийг холбогдох асуудлуудаар байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ