2023.06.15
Эдийн засаг, Худалдаа
Б.Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагчдын хөрөөний ир шиг цалин, хөлсийг тэгшитгэж байгаа нь сайн хэрэг
УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Энэ удаагийн төсвийн тодотгол өмнө Их хурлуудад болж байгаагүй тодотгол болж байна. Өмнө нь төсөв тасарсан, орлогүй хүндрэлтэй нөхцөлд төсвийн тодотгол хийж байсан бол энэ удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийж буй сайхан нөхцөл болж байна. Энэ эдийн засгийн боломжийг ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх, зөрүүг арилгах, нөгөө талд цогцоор нь шийдэж байгаа зүйл бол төрийн албан хаагчдын цалингийг ялгааг ойртуулж байгаа юм.
Их ялгамжтай байдлыг тогтоочихсон шүү дээ. Энэ бол үе үеийн парламентын гишүүдийн буруутай үйл ажиллагаа. Нэг хууль оруулж ирэхээрээ нэг салбарын цалин, нийгмийн хамгаалалттай холбоотой асуудлыг чирж оруулж ирж шийдэж явсаар байгаад холион бантан болгочихсон. Харин Засгийн газар, Их Хурлын зүгээс уг асуудлыг нэгдсэн бодлогоор цогцоор нь шийдэж байна. Цаашид хэн нэгэн гишүүн салбарын хуулийг санаачилж оруулж ирэхдээ уг бодлогыг эвддэг байдлыг зогсоохоор тогтож байгаа нь зөв.
Биеийн тамирын салбарынхныг олон жил орхичихсон байсан. Гэтэл хийж байгаа ажил, үүргийн хувьд бусад төрийн алба, салбараас ялгагдах юмгүй ажиллаж буй. Амралтын өдөр харгалзахгүй ажилладаг нь биеийн тамир, соёл урлагийн салбарын хүмүүс байдаг. Энэ салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаад талархаж байна.
Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан. Хэрэгжилтийг хангаж байгаа. Үүний бодит тоон үр дүнг хэлж өгнө үү? Бид олон жил ярьсан. Төрийн дээд түвшний даргалах бүрэлдэхүүний орон тоо, сандал суудал, унаа машин, цалин хангамж, хэрэглээтэй холбоотой зүйл замаа алдсан. Эдгээр асуудлыг цэгцэлсэн хууль болсон. Гэхдээ нөгөө талд орон нутгийн анхан, дунд шатны байгууллагуудын төсөв зардал хэмнэлтийн хуулиар хэмнэгдсэнтэй холбоотой хүндрэл, бэрхшээлтэй зүйл байна. Үүнийг хэрхэн анхаарч байгаа вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.