Уран олборлох хөрөнгө оруулалтын асуудлаар хоёр тал уулзлаа
Франц улсын “Орано групп”-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг “Орано групп”-ийн төлөөлөгчидтэй уулзлаа.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажилласан.
Тэгвэл ажлын хэсэг өчигдөр /2023.06.15/ хөрөнгө оруулалагч талтай уулзав. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг 2023 онд үзэглэвэл 2024 онд хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгээд 2028 оноос ураны үндсэн олборлолтоо эхлүүлэх аж.
“Орано майнинг” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгч Оливиер Түмир “Зөөвч-Овоо” төсөл нь байгаль орчинд ээлтэй, хөрс эвдэхгүй гэдгийг онцлон хэлсэн юм.
Тус компанийн зүгээс хөрөнгө оруулалтын гэрээний эхний загварыг
- Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, хамгаалалт
- Эдийн засгийн орчны тогтвортой байдал
- Байгаль орчны хамгаалал ба бүс нутгийн хөгжил
- Санхүүгийн менежмент
- Хуулийн нэр томьёо ба нөхцөл гэсэн таван үндсэн бүлэгтэй байхаар төлөвлөжээ.
Харин Монгол Улсын Засгийн газраас талууд харилцан ашигтай байх зарчим баримталж байгааг ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн юм. Тэрээр “Монгол ажилчдыг мэргэшүүлэх, уурхай ажиллах явцад ажилчдыг түр кэмпэд байрлуулах биш тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжиж орон сууц бүхий суурьшлын бүс байгуулж, гэр бүлтэйгээ амьдрах орчин бүдүүлэх, говийн бүсийн экосистемийг алдагдуулалгүй байгаль орчны нөхөн сэргээлтэд онцгой анхаарах заалтуудыг тусгахаар ажиллана” гэв.
“Орано майнинг” ХХК нь Монгол Улсын томоохон их, дээд сургуулиудтай хамтран мэргэжилтэн бэлтгэх ажил эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд багш нарыг сургах болсноо энэ үеэр хэлсэн юм. Уурхай хаагдсаны дараах байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг хөрөнгө оруулалтын гэрээнд тусгах болсноо мөн хэллээ.
Түүнчлэн Сайншанд, Зүүнбаян, Улаанбадрах зэрэг суурин газрыг түшиглэн монгол ажилчдын амьдрах хотхон, дэд бүтцийг байгуулах боломжтойг ярилцав.