МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхт анхаарал тавих чиглэл өгөв
2023.06.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхт анхаарал тавих чиглэл өгөв

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын мэдээлэлтэй танилцлаа.

Уг төслийн мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд  Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Энэхүү төсөл нь дөрвөн ээлжээр хэрэгжих бөгөөд 1,2 дугаар  ээлжинд  16 аймгийн 92 суманд хэрэгжиж байгаа аж.

Нийт 307 объект баригдахаас 183 ашиглалтад орж, 29 нь комисс ажиллахад бэлэн болж, 95 нь угсралтын ажил үргэлжилж байгааг тэрээр дурдав.

Мөн 3 дугаар ээлжинд 17 аймгийн 130 сум, 4 ээлжинд 18 аймгийн 92 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөлд хамрагдана. 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 35,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоод байна.

Сум бүрт баригдах ариун цэврийн байгууламж бүрийн төсөв өөр өөр байгаа. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын дотуур байрын ариун цэврийн байгууламжийн төсөв 267,1 сая төгрөг бол Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжийн төсөв 341,7 сая төгрөг байх жишээтэй. Ерөнхийдөө тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны  хүчин чадлаас хамаарч нэг объектын бодит өртөг 160.0-180.0 сая төгрөг болж байгааг хэлэв. 

Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих 4 шатны төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг сайжруулах шаардлагатай гэдгийг онцоллоо. Мөн байнгын хорооны гишүүдийн илэрхийлж буй санал, байр суурийг харгалзан Байнгын хорооноос гурван чиглэлийг Ажлын хэсэгт өглөө.

Нэгдүгээрт, төслийн өмнөх шатанд алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох, хоёрдугаарт,  шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхт анхаарал тавих, 160 гаруй сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэх чиглэлийг тэрээр өгөв.

ШИНЭ МЭДЭЭ