МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах хэрэгтэй
2023.06.21
Эрүүл мэнд

Эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах хэрэгтэй

НББХ-ны /2023,06,20/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын 28 гишүүний боловсруулж өргөн мэдүүлсэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлагчдын нэг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулсан юм.

Тэрбээр, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, чанар аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой болгох асуудал нэн чухал байгааг дурдаад, Эрүүл мэндийн яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран хийсэн судалгаагаар хамгийн хямд үнэтэй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй, улсын байгууллагын хангамж 53.6 хувь, хувийн байгууллагын хангамж 68.9 хувь, эмийн эргэлтийн сангийн хангамж 51.2 хувь байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зайлшгүй шаардлагатай эмийг 80.0 хувийн хүртээмжтэй байлгах зөвлөмжийн шаардлагыг хангахгүй байгааг мэдээлэв. Энэхүү хүртээмжгүй байдал, эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан судлах, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг батлах журам, жагсаалт батлахтай холбоотой тулгамдсан асуудлыг үе шаттайгаар судлан, тодорхойлох шаардлагын үүднээс хянан шалгах Түр хороо байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзсэнээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа.

Мөн хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах Түр хорооны хяналт шалгалтын явцад эмийн үнийн асуудлыг нарийвчлан судлах, зах зээл дээр худалдагдаж байгаа болон Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн үнийн өсөлтийн бодит шалтгааныг үргэлжлүүлэн хянан шалгах шаардлагатай гэх дүгнэлт гарсан юм. Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хянан шалгах Түр хорооны бүрэлдэхүүнд Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Ц.Туваан ажиллуулахаар заасан байна. Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ