2023.06.22
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Саранчимэг: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд боловсон хүчийг хэрхэн бэлтгэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

Энэ хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжиж байгаа. Соёл урлаг бол дэлхийн эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж томоохон салбарт тооцогдох болж эрчимтэй хөгжиж байгаа юм. Энэ салбарыг бүтээлч-эдийн засагч гэж нэрлэж буй. АНУ, Европын орнуудад бүтээлч үйлдвэрлэл, эдийн засгийн нэг салбар болтлоо хөгжсөн  бол Азийн орнуудад сүүлийн жил соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэсрэлт болж байгааг ярьж байгаа юм.

Жишээлбэл БНСУ-д сүүлийн жилүүдэд Солонгос давалгаа буюу соёлын зөөлөн хүчний бодлого явуулснаар дэлхий нийтээр Солонгос хамтлаг, дуу хөгжим, кино, үндэсний хувцас, хоол зэргийг түгээн дэлгэрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл нь олон сая долларыг оруулж ирж байгаа.

Манай улсын хувьд соёл урлагаа эдийн засгийн үр өгөөжтэй салбар, хөгжлийн хөшүүрэг болгох чиг хандлагыг хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж оруулж ирж байгаа нь сайшаалтай. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг ярихад зайлшгүй оюуны өмч, зохиогчийн эрх яригддаг. Үүнийг хангах, хадгалах зайлшгүй шаардлагатай. Эдгээр нь оюуны өмчөөр зохицуулагдаж байгаа хэдий ч энэ хуультай хэрхэн уялдуулж оруулж ирж байгаа вэ?

Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэхэд авьяаслаг бүтээлч хүнээс гадна соёл урлагийн салбарын менежмент, борлуулалт, маркетингийн боловсон хүчинг зайлшгүй бэлтгэх хэрэгтэй. Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэх хүний нөөцийг бэлтгэхэд ямар нэгэн зохицуулалт хийсэн үү? 

Түүний асуултад Соёлын сайд Ч.Номин хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ