2023.06.23
Гадаад харилцаа
Д.Өнөрболор: Хэзээ, хэдэн хувиар, хэнд тэтгэвэр өвлөгдөх вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Ард иргэдийн дунд маш их хүлээлттэй байсан нийгмийн даатгалын багц хууль орж ирж байна. Шинэчлэл гэсэн нэрэндээ бүрэн агуулгаараа учир дутагдалтай байна. миний хувьд С.Чинзориг сайдтай санал нэг байгаа юм. Зарлагын урсгал, төсөвт ачаалал бий болгох талаасаа илүү орлого, эдийн засгийн эргэлт талаасаа уг асуудалд анхаарч хариуцлагын тогтцолцоог оруулж ирж байж цогцоороо суурь шинэчлэл байх байсан болов уу.
Төсвийн тодотголоор аваад үзэхэд жилдээ ойролцоогоор 1 их наяд төгрөгийн татаасыг нийгмийн даатгалын санд хийхээр болж байна гэж ойлгож буй. Энэ шинэчлэлээр яг хэд болж байгааг тодруулна уу? 2020 оноос хойш тэтгэврийг хоёр удаа нэмлээ. Тэтгэвэр нэмэгдсэн атал үнийн өсөлтийг давж чадахгүй, амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа асуудал ард иргэдийн дунд шүүмжлэл дагуулж байгаа.
Иргэдийн зүгээс тэтгэвэр хуримтлагддаг, өвлөгддөг болох хэрэгтэй, инфляцын өсөлттэй уялддаг байх хэрэгтэй гэсэн асуудалд маш их хүлээлттэй байгаа. Хэзээнээс хэдэн хувиар тэтгэвэр хуримтлуулж эхлэх вэ? Хэзээнээс хэдэн хувиар хэнд өвлөгддөг болох вэ? Инфляцын өсөлтийг тэтгэвэрт хэрхэн тооцож байгаа вэ? Үүнд тодорхой тооцоололтой хариулт авмаар байна.
Өөрчлөлттэй холбоотой төсөв дээр ирэх зардлын тооцоолол байна уу? Хуримтлал болон өв хоёрт шилжүүлэхээр дутагдсан эх үүсвэрийг хэрхэн яаж шийдэх вэ? Бид нэг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна Х.Булгантуяа сайд аа. Үүн дээр анхаарлаа хандуулаарай гэж би танаас хүсье. Залуу үе биднийг харж байгаа. Ажиллах хүчний хувьд залуу үе цонх үед ажиллаж буй.
10-аад жил хүрэхгүй хугацаанд алдагдах эрсдэл үүсэж байгаа. Хөдөлмөр эрхэлж байгаа 10 хүн тутмын 10 хүн 3 хүний тэтгэврийг төлж буй. Цонх үе дуусах үед 10 хүн 8 хүний тэтгэврийг төлөх эрсдэл ойрхон байна. Хөдөлмөрийн насны 1,2 сая хүний ойролцоогоор 56% нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагддаг. Үүнийг бүрэн, шударга болгох, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд ямар бодлого, зохицуулалт хийж байна вэ?
Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариуллаа.