МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэхэд учирч буй хүндрэлийг шалган тогтоосныг танилцууллаа
2023.06.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэхэд учирч буй хүндрэлийг шалган тогтоосныг танилцууллаа

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.06.27) хуралдаж, ажлын явцын тайланг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд түр хорооноос хийсэн хяналт шалгалтын ажлын тайланг танилцуулав.

Тэрээр хянан шалгах түр хороо нь хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох ажлыг Монгол Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолын хүрээнд дараах чиглэлээр зохион байгууллаа.

Үүнд, хилийн боомтуудад очиж нүүрс нэвтрүүлж байгаа ажлыг газар дээр нь танилцах, хил, боомтын ажилд оролцож байгаа мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах, цагдаа, хилийн боомтын үндэсний зөвлөлийн ажлын уялдаа холбоо, мэдээ, мэдээлэл солилцож байгаа явц, гаалийн хяналтын бүсийн зохион байгуулалт боомтод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа,  нүүрсний тээвэр ложистикийн үйл ажиллагаа, бүртгэл хяналт, экспортод гаргаж байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт, уул уурхайн салбарт төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нүүрс экспортлохтой холбоотой гэрээ, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн худалдааны үнэ тарифын талаар хууль тогтоомжийн хэрэгжилт гэсэн сэдвийн хүрээнд явагдсан хэмээв.

Мөн Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийн хугацаанд 5 шинжээч, 5 хянан шалгагчийг томилон, нийт 6 удаа хуралдаж Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 10 тогтоолыг баталсан.

Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Булган хилийн боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсэд, 2022 оны 11, 12 дугаар сард Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагаатай удаа дараа очиж танилцжээ. Хянан шалгах түр хорооноос тайлант хугацаанд нийт 77 албан бичгийг холбогдох газруудад хүргүүлж, 45 албан бичиг ирүүлсэн материалтай танилцан, нотлох баримт цуглуулах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах тэмдэглэл үйлдэх баримт цуглуулжээ.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны 2023 оны 11 дүгээр тогтоолоор “Түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов”-ыг баталж, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр олон нийтэд зарлан бэлтгэл ажлыг хангасан байна. Гэвч сонсголд гэрчээр дуудахаар товлосон 100 гаруй этгээдийн 50 орчим хувь нь Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад нэгэнт шалгуулж, гол гэрчүүдийн хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь түр хорооны сонсголыг зохион байгуулахад хүндрэлтэй нөхцөл бий болгжээ. Мөрдөн байцаах ажлын нууцыг хамгаалах, үр дүнг дээшлүүлэх шаардлагаар Авлигатай тэмцэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн албан тоотоор Түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтийг тавьсан тул Сонсгол хийх боломжгүй болсон байна.

Нүүрсний мэдээллийг АНУ-ын нийгэм, эдийн засаг, хөгжлийн асуудал, уул уурхайн салбарын бүхий л чиглэлийн тоон өгөгдлийг нэгтгэдэг ISI Emerging Markets Group-ийн CEIC системээс БНХАУ-ын Монгол Улсаас импортолсон нүүрсний тоо хэмжээ, БНХАУ-ын sxcoal нүүрсний албан ёсны тоон мэдээлэл, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын тоон мэдээллүүдийг ашигласан байна.

Монгол Улсаас БНХАУ-руу экспортод гаргаж буй нүүрсний болон БНХАУ-ын Монгол Улсаас импортолж буй чулуун нүүрсний тоо хэмжээг 2008-2022 онд дараах байдлаар гаргажээ. 2008-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 6.9 сая тонны зөрүүтэй байжээ.

Үүнээс түр хорооны хяналт шалгалтын хамрах хүрээнд 2018-2022 онд Монгол Улс, БНХАУ-уудын гаалийн ерөнхий газрын экспорт, импортын мэдээг зэрэгцүүлж үзэхэд 3.2 сая тонны зөрүүтэй байж, уг мэдээллийг баталгаажуулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос Гаалийн ерөнхий газарт “Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа нүүрс ачих буулгах талбайд бууж 2018-2022 оны хооронд экспортлогдсон нүүрсийг шалгах” хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг томилон шалгалтын ажиллагааг зохион байгуулж “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК-ний нүүрс худалдах, худалдан авах 381 гэрээгээр 121.6 сая тонн нүүрс борлуулах гэрээ бүрээр гаалийн талбайд тулгалт хийж, шинжилсэн байна.

Мөн нүүрсний ангилал шинжлэх лабораторийн дүнгийн зөрүү байгаа нь сайн чанарын нүүрсийг үнэгүйдүүлэх эрсдэл өндөр, 2008 оноос хойш 7.0 сая тонн нүүрсийг чанаргүй буюу эрчим хүчний нүүрс нэрийн дор 9-18 доллараар борлуулсан нь Монгол Улсад асар их хохирол учруулсан байх магадлалтай байна. Шалгалтын хүрээнд “Тавантолгой” ХК компанийн өмнөх дээжид хийсэн шинжилгээний хариуг өөр лабораторид шинжлүүлэхэд зөрүүтэй байсан талаар дурдав.

Дээрх зөрчлүүд олон удаа давтагдан гарсан нь Гаалийн ерөнхий газраас өөрийн дотоод хяналтын шугамаар илрүүлж АТГ, ЦЕГ-т шилжүүлсэн зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй мэдээллийг зүйлчлэлийг нь өөрчлөн, хэрэгсэхгүй болгодог нь нүүрсний хулгай хавтгайрч, үүний төлөө хариуцлага хүлээдэггүй гэсэн ойлголтыг бий болгоход тухайн үеийн Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын ажил хариуцаж байсан албан тушаалтнуудтай холбоотой хэмээн үзжээ.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Түр хорооны дарга Г.Ганболд "Хянан шалгах түр хороо сонсгол хийж чадаагүй учраас ийнхүү нэг талын дүгнэлт, тайлангаар асуудалд хандан, төвөгтэй байдал үүсгэж байна"

Хянан шалгах түр хорооноос Сонсгол зохион байгуулсан бол шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн нөгөө талыг оролцуулан, хоёр талаасаа нотлох баримтаа гаргаад мэтгэлцсэн бол нийгэмд илүү ойлгомжтой байх байлаа.

Одоо бид нар шинжээчийн дүгнэлт дээр үндэслэн тайлбар хийж байна хэмээн тодруулаад “Бөмбөлөг тээвэр”, PCR шинжилгээтэй холбоотой асуудлыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен гишүүн бид нар тухайн үед идэвхтэй шалгаж гаргаж ирсэн. Ажлын хэсгийн гишүүд шаардлагатай гэж үзвэл дүгнэлтдээ оруулж болно. Та бүхэнд танилцуулсан тайлан бол сонсгол хийх гэж байсан 3 сэдвийнхээ хүрээнд гаргасан тайлан юм. Мөн төмөр замын өртгийн хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам, холбогдох яамнаас ирүүлж байгаа мэдээллээр төмөр замын дохиолол холбоо, өртөө, зөрлөгтэйгээ нийлээд 1 км төмөр зам 3 сая гаран ам доллараар баригдсан гэж үзэж байгаа.

Зүтгүүртэй холбоотой асуудалд шинжээчид онцгой анхаарал хандуулж ажилласан. Техник, эдийн засгийн үндэслэлд 18 зүтгүүр оруулж ирэхээр тусгаснаас 16 зүтгүүр нийлүүлэгдсэн, Монголын төмөр зам энэ оны 9 - 10 дугаар сарын үед дутуу зүтгүүрийг нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүн дээр нэг ноцтой зүйл бол Америкийн компаниас нийлүүлж байгаа энэ зүтгүүр нь нарийн царигийн зүтгүүрийг  өргөн царигт шилжүүлсэн анхны загвар бөгөөд энэ нь олон улсад ашиглагдаагүй загвар гэдгийг дүгнэлтэд дурдсан.

Богд хаан төмөр замын хувьд гэрээг үргэжлүүлэх эсхүл цуцлах тохиолдолд өмнө нь олгосон нүүрснүүдийг яах вэ гэдэг асуудлуудыг цаашид хөндөж ярилцах болно. Цагааннуур чөлөөт бүсийн хувьд удирдлагууд нь Улаанбаатар хотод байрладаг. Чөлөөт бүс гээд байгаа зүйл маань газар дээрээ их хөрөнгө мөнгө зарж хийсэн том хашаа л байна. Хянан шалгах түр хорооны тайланд  чөлөөт бүсийн захиргааг нь орон нутагт нь байршуулах аль эсхүл татан буулгах гэсэн санал дүгнэлтийг тусгасан.

Улсын Их Хурлын зүгээс ч тэр, Хянан шалгах түр хорооны зүгээс ч хууль хүчний байгууллагуудыг нүүрсний хулгайтай холбоотой ажлуудаа шуурхайлах тал дээр хяналт тавьж, тодорхой хугацаа зааж өгч, шаардаж ажиллах болно. Эрдэнэс тавантолгой ХК 2018 оноос хойш зөвхөн дотоодын худалдан авалт хийх 665 тендер зарлаж, 9,8 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Энэ худалдан авалтууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулагджээ.

Нүүрсний гэрээнүүдтэй холбоотойгоор шинжээчдийн дүгнэлтээр ноцтой гэж байгаа зарим худалдан авалтуудыг тайланд тусгасан бөгөөд өнгөрсөн хугацаанд нүүрс худалдах 3 мянга гаран гэрээ байгуулсан байна гэв.

Ийнхүү Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хорооны хуралдаанаар түр хорооноос хийсэн хяналт шалгалтын ажлын тайланг сонсож, тайланг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ