МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийв
2023.06.28
Хууль, эрх зүй

ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны  (2023.06.27) хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад эхэлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар танилцуулав.

Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох зүйл, хэсэгт нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хэл найруулга, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэр томьёотой хуулийн төслийн нэр томьёог нийцүүлэх үүднээс анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн найруулгын саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу санал хураалгах санал гаргаж буйгаа танилцууллаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ашиг сонирхлын зөрчил, энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авсан юм. АТГ-т 2022 онд 1520 авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгагдсаны 1011 нь төрийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг байсан бөгөөд үүнд 1184 албан тушаалтан холбогдсон байна.

Тус байгууллагад 2022 онд нийтдээ 653 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсний 112 нь албаны эрх мэдлээ урвуулсан, хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдэр гаргаж бусдад давуу байдал олгосон гэх агуулгатай байжээ.

Ийнхүү гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ