МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Чингис Хаан, Капитал банкуудын авлага барагдуулах ажлын мэдээллийг сонсов
2023.06.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Чингис Хаан, Капитал банкуудын авлага барагдуулах ажлын мэдээллийг сонсов

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн болон Чингис Хаан банканд байгаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.

Мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хийв. Тэрбээр танилцуулгадаа, Капитал банк дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар 11 удаа хэлэлцэж, зургаан тогтоол батлагдаж, эдгээрээр гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлж байна гээд, Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн 104,2 тэрбум төгрөгөөс 2023 оны тавдугаар сарын 25-ны байдлаар 10,14 тэрбум нь мөнгө хэлбэрээр 25,06 тэрбум нь хөрөнгөөр, нийт 35,2 тэрбум төгрөгийн авлага барагдуулаад байгаа бөгөөд 69.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгааг мэдээллээ. Эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр хөрөнгөөр хүлээн авсан авлагаас 8,4 тэрбум төгрөгийн 33 ширхэг хөрөнгийг 8,6 тэрбум төгрөгөөр борлуулж, 16,6 тэрбум төгрөгийн 45 ширхэг хөрөнгийн үлдэгдэлтэй байгаа ажээ. Үл хөдлөх хөрөнгийн заримд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан 34 аж ахуйн нэгж, иргэнтэй түрээсийн гэрээг шинэчлэн байгуулж, 256,6 сая төгрөгийн орлогыг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлснээс, хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын зардалд 44,2 сая төгрөг зарцуулсан байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Капитал банкны эрх хүлээн авагчаас хүлээн авсан хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгө зуучлагч байгууллагуудтай хамтран ажиллаж гэрээгээр борлуулах, банкны удирдлага болон хөрөнгийн маргааны улмаас хууль хяналтын ба байгууллагад шалгагдаж байгаа асуудлууд шийдвэрлэгдэхэд Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тухайн хөрөнгүүдийг тооцож авах зэрэг саналтай байгаагаа танилцуулсан юм.

Чингис хаан банк 2019 оны 10 дугаар сараас нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон тул Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тус шүүх 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэлийг бүрэн хангаж, Чингис хаан банкнаас 101.7 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдүүлсэн талаар сайд мэдээлэлдээ дурдаад, энэхүү нэхэмжилсэн дүнгээс 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөг төлөгдөж, 95.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэлээ.

Чингис Хаан банкнаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 95,2 тэрбум төгрөг, Капитал банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилсэн төлбөрийн үлдэгдэл 69 тэрбум төгрөг, нийтдээ 164,2 тэрбум төгрөг барагдуулалт удаашралтай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар бие даан шийдвэр гаргаж, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг сайд Х.Булгантуяа танилцуулж, эдгээр төлбөрүүдийг төлөх хуваарь баталсан гэрээ байгуулж ажиллах саналтай байгаагаа дурдав. Мөн цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх байдлаар энэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа танилцуулав.Сайд мэдээлэл хийсний дараа Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү танилцуулга хийв.

Тэрбээр, Капитал банкыг татан буулгахтай холбоотойгоор Улсын Их Хурал 2020 онд 32 тоот тогтоол гаргаж, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон эрх хүлээн авагчдад өр төлбөрийг түргэн шуурхай барагдуулах үүрэг өгснийг дурдаад, хүлээж авсан хөрөнгүүд бол Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газруудын сонгож авсан, хамгийн гайгүй гэсэн хөрөнгүүд болохыг хэллээ. Эрх хүлээн авч, капитал банкыг татан буулгах ажиллагаа сүүлийн дөрвөн жил явагдаж байгаагийн эхний хоёр жилд мөрдөх болон прокурорын байгууллагууд хөрөнгийг битүүмжилсэн. Тиймээс энэ хугацаанд дуудлага худалдаа явуулж, хөрөнгийг нь мөнгө болгох боломжгүй байсан хэмээн тэрбээр онцлоод, дуудлага худалдааг 2021 оноос жигдрүүлсэн тухай ярилаа. Мөн хөрөнгийг үнэлгээг дахин хийлгэсэн байна. Эрх хүлээн авах үйл ажиллагааны дөрвөн жилийн зардал, хөрөнгийн чанар муудаж буй зэрэг шалтгаанаар үнэ өндөр байгаа, бууруулж болдоггүй зэрэг асуудлууд хуримтлагдаж байгааг тэрбээр хэлж, одоо үлдээд байгаа хөрөнгүүдийг Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд сонгоогүй бөгөөд баланс дээр 375 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр байгааг дурдав.

Капитал банкны асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд үүнд эрх хүлээн авагч хохирогчоор буюу иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэргийн шийдвэрлэлтэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрууд оролцохгүй байгаа хэмээн Т.Дэлгэрхүү танилцуулгадаа дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг мэдээлэв. Шүүхийн шинжээчийн дүгнэлт эхэндээ 223 тэрбум төгрөгийн хохиролтой гэж гарсан боловч дахиж шинжээчийн дүгнэлт гаргахад хохирлын хэмжээг 104 тэрбум төгрөг болгож бууруулсан байна. Иймд эрх хүлээн авагч давж заалдах шатын шүүхэд гомдол гаргажээ. Мөн тэрбээр мэдээлэл хийх үедээ хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарал хандуулахгүй, мэдээлэл өгч нийтлүүлэхээр устгуулаад байгаа талаар ярив. Түүнчлэн Улсын Их Хурлын 32 тоот тогтоолоор үүрэг өгсөн төрийн байгууллагууд төдийлөн анхаарал хандуулахгүй, шийдвэр гаргах нь удаан байгаа зэргээс болж төлбөр барагдуулах ажиллагаа удаашралтай байгааг тэрбээр хэлсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү нарын мэдээлэлтэй холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Ц.Сүхбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, арилжааны банкуудыг дампуурах асуудал 1996 оноос мода шиг болсон хэмээгээд, энэ асуудал Монголбанк, түүний ерөнхийлөгч нар ямар ч хариуцлага хүлээдэггүй, Улсын Их Хурал төв банк болон түүний удирдлагуудтай хариуцлага тооцдоггүйтэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Туваан, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар дээрх асуудлаар асуулт асууж, Капитал банкны худалдаж авсан аймгуудын эмийн сангийн барилгуудыг эргүүлэн авах, мөн тайлан, мэдээлэлд дурдсан гэмт хэргийн шинжтэй болон эрэн сурвалжлагдаж байгаа зээлдэгчдийн асуудал, цаашид Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэрхэн удирдах, дахиад Капитал банкныхтай адил төстэй асуудал үүсэхгүй гэх баталгаа байгаа эсэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа, Хадгаламжийн даатгалын корпораци 20 сая төгрөг хүртэлх хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах талаар хэхэн ажилласан зэрэг олон асуудлыг хөндөн ярьж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Капитал банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудаас хариулт авав.

Байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Капитал банк эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан, Чингис Хаан банкнаас Нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрийг тус банкны хувьцаа эзэмшигч нартай гэрээ байгуулж, хуваарийн дагуу үе шаттайгаар, бүрэн төлүүлэхийг дэмжих, мөн Капитал банкны төлбөр барагдуулах асуудлаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн холбогдох арга хэмжээг авч, Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулж ажиллахыг тус Үндэсний зөвлөлийн даргад хуралдааны тэмдэглэлээр үүрэг болголоо.

ШИНЭ МЭДЭЭ