2023.06.28
Улстөр
Г.Тэмүүлэн: Авлигатай тэмцэхийн тулд хууль хяналтын байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хэрхэн сайжруулах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
УИХ-ын тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Бидний хувьд нийгмийн хамгийн үнэт зүйлийн асуудал нь хууль ёс, шударга ёсны асуудал юм. Нөгөө талдаа, авлигатай тэмцэхэд шударга ёсны засаглалыг бэхжүүлэх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх асуудал дээр УИХ болоод шийдвэр гаргагчдын зүгээс онцгой анхаарч, зайлшгүй бэхжүүлэх шаардлага гараад буй. Авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах тал дээр үе шаттайгаар тэмцэх нь онцгой анхаарах асуудалд зүй ёсоор орно.
Үүнтэй холбогдуулан цаашид, хууль ёс хэрэгжих юм уу, шударга ёс тогтох юм уу, авлига байхгүй болох эсэх суурь зарчмын асуудалд тухайн байгууллагын бие даасан байдал хэрхэн хангагдах ёстой юм. Нэг ёондоо, хууль хүчний байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд гол зохицуулалтуудыг хийж чадаж байна уу. Үүн дээр учир дутагдалтай байна хэмээн харж байгаа. Илүү боловсронгуй болгох тал дээр зүйл заалтуудыг нарийвчлан тодорхой болгон оруулж ирэх хэрэгтэй.
Төсвийн байнгын хорооны даргын хувиар төсвийн үр ашиг, төсвийн хяналт талаасаа нэгэн зүйл заалтыг ярих хэрэгтэй. Энэ нь АТГ-ын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно гэж байгаа. Шүүх нь бие даасан засаглалын асуудал.
Магадгүй өмнөх оных нь төсөв дээр нь нэг удаагийн шинж чанартай зардал гарсных нь төлөө дараагийн жил нь тэр мөнгийг нь дахин тавих нь утгагүй. Мөн хууль хяналтын байгууллага болгон тусдаа орж ирэх нь зарчмын хувьд буруу. Үүнийг заавал ингэж оруулах шаардлага бий юу, үүн дээр байнгын хороо ямар байр сууртай байна вэ?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.