2023.06.29
Улстөр

Н.Учрал: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний хамгийн том илэрхийлэл нь улс төрийн нам

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Улс төрийн намын тухай хуулийг дэмжиж байна. Гэхдээ бид үүнийг зөвхөн нэг өнцгөөс нь яриад байгаа. Улс төрийн намын тухай хууль нь намуудыг хариуцлагажуулахаас гадна үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нь олгож байгаа. Улс төрийн намуудад улс төрийн боломжийг нь олгох талаас нь харах ёстой. Нэг ёсондоо, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнийх нь хамгийн том илэрхийлэл нь улс төрийн нам юм. Үндэсний эв нэгдэл, бүрэн эрхт байдлын гээд заалт байна. Аль ч сонирхлын бүлгүүд нам байгуулан, дуу хоолойгоо нэгтгэн ажиллах боломжтой. Улс төрийн намын тухай хууль нь Монгол Улсад ардчилал хүний эрх, эрх чөлөө хангагдах суурь боломжийг хуулиар нь олгохын сацуу үг хэлэх эрхийг нь улс төрийн намуудад олгох цаашлаад ардчилалд маш том хувь нэмэр оруулах ёстой.

Улс төрийн нам ямар ч бүтэцтэй байж болно. Ямар бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах нь тухайн намын өөрийнх нь эрх чөлөө юм. Тэгэхээр түүнийг нь хэт их хуульчилж болохгүй гэдэг зарим гишүүдийн саналтай 100 хувь санал нэгдэж байна. Ингээд л эхэлбэл ардчиллаас ухарч байгаа ойлголт болно. Тиймээс улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулах бололцоог нь бий болгоход анхаарахыг хүсэж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль дээр “шил” ажиллагаа явагдсанаас хойш улс төрийн намуудад улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл ил байна гээд заачихсан. Үүнээс болоод санхүүжилтийн асуудлуудыг нь буюу төсвийг нь нарийвчлан зааж өгмөөр байна. Тэр олон бүтэц нэгж юмнуудаа авчихсан нь дээр юм шиг.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ