МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 12,125.2 сая төгрөгийн 49 зөрчил илэрсэн байна
2023.07.05
Эдийн засаг, Худалдаа

Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 12,125.2 сая төгрөгийн 49 зөрчил илэрсэн байна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2023.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрх, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.

Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 тайлан нэгтгэснээс 5 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 50 байгууллагыг түүвэрт хамруулж, аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгчээ. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 909.3 сая төгрөгийн 20 зөрчил илэрснээс, 3.7 сая төгрөгийн 2 төлбөрийн акт тогтоож, 4.0 сая төгрөгийн 2 албан шаардлага хүргүүлж, 901.6 сая төгрөгийн 16 зөвлөмж өгсөн байна.

Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 322.2 сая төгрөгийн 4 алдаа илэрснээс аудитын явцад 243.6 сая төгрөгийн 3 алдааг залруулж, 78.6 сая төгрөгийн алдааг дахин давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгчээ.Нийт төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 100 хувьтай, бүрэн хэрэгжиж, төсөл, арга хэмжээний 2022 оны санхүүжилтийн гүйцэтгэл 94.2 хувьтай байна гэж дүгнэжээ.

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 87 тайлан нэгтгэснээс 49 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 43 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар нийт 12,125.2 сая төгрөгийн 49 зөрчил илэрснээс, 113.6 сая төгрөгийн 5 төлбөрийн акт тогтоож, 9,000.7 сая төгрөгийн 15 албан шаардлага хүргүүлж, 1,660.9 сая төгрөгийн 27 зөвлөмж өгч, 1,350.0 сая төгрөгийн 2 хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлжээ.  

Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 1,829.7 сая төгрөгийн 13 алдаа илэрснээс аудитын явцад 1,339.7 сая төгрөгийн 8 алдааг залруулж, 490.0 сая төгрөгийн алдааг дахин давтан гаргахгүй байх 5 зөвлөмж өгсөн байна. 

Нийт төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 88.9 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан 3, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй 4 төсөл, арга хэмжээ байгаа бөгөөд төсөл, арга хэмжээний 2022 оны санхүүжилтийн гүйцэтгэл 99.5 хувьтай байна гэж дүгнэжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй байгааг цаашид анхаарах ёстой хэмээн аудитын байгууллага дүгнэсэн байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломжгүй байгааг дүгнэлтдээ дурдав. Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгааны нэг болж байна хэмээн үзжээ.

Түүнчлэн Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд төсвөөс санхүүжих нийгмийн шинж чанартай төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлуудыг санхүүжүүлж байгаа нь төсвийн нэгдсэн бодлогын зарчмыг алдагдуулж байгаад цаашид анхаарах нь зүйтэй хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, улс орны өрийн асуудалд цаашдаа ямар менежмент хийх вэ. Өрийг өрөөр хаахаа хэдийд зогсоож, өрөө төлж чаддаг болох вэ хэмээн асуусан. Тэрбээр, нэг улсаас хамаарах гадаад худалдаа 90 гаруй хувьтай болж, төлбөрийн тэнцэл алдагдаад буйг дурдаад эдийн засгийн аюулгүй байдлын талаар холбогдох байгууллагууд ямар дүгнэлт, санал гаргасныг тодруулсан.

Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын өрийг хоёр хувааж үздэг. Богино хугацаатай, өндөр хүүтэй арилжааны бондын хэсэг байгаа. 2010 оноос хойш Монгол Улс олон улсын санхүүгийн бирж дээр Монгол Улсын Засгийн газар гэдэг кодтой арилжааны бонд гаргаж эхэлсэн түүхтэй. Мөн урт хугацааны хөгжлийн зээлийн багц байгаа. Найман тэрбум ам.долларын 2.4 тэрбум ам.доллар нь бондын үлдэгдэл, бусад нь урт хугацаатай олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан хөгжлийн зээлүүд юм. Цаашид өндөр хүүтэй, богино хугацаатай бонд гаргахгүй, зөвхөн эдийн засгийн өндөр ач холбогдолтой, төлбөрийн тэнцэл дээр үр өгөөжтэй, УИХ-аар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажлын жагсаалтад багтсан хөрөнгө оруулалтуудад зориулан хөгжлийн зээл авах бодлого барьж байгаа.

Цаашдаа эдийн засаг тэлж, хөгжих хэрээр бидний зээлдэх хэмжээ, чадамж нэмэгдэнэ. Ер нь зээлийн дүн гэхээсээ илүү бид зээл ашиглалт дээрээ илүү анхаарах ёстой юм. Улс орнуудыг харахад хөгжлийн зээлийг аваад зөв ашиглаж чадвал хөгжиж, буруу зүйлд ашиглавал дампуурал хүлээж байдаг. Тийм учраас цаашдаа богино хугацааны, өндөр хүүтэй зээлүүдээ төлж дуусгаад, урт хугацааны хөгжлийн зээлүүдийн ашиглалтыг нь сайжруулаад явах стратеги барьж байгаа.

Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн хувьд хариулахад, манай улс худалдааны эдийн засагтай. Үйлдвэрлэл маш багатай, сүүлийн 30 жил ингэж явж ирсэн. Үүнээс гарах бидний дунд хугацааны гол төлөвлөгөө бол Шинэ сэргэлтийн бодлого. Алсын хараа 2050-ийн эхний 10 жил буюу 2030 он хүртэл эдийн засгийн хөгжлийг боомилж байгаа шалтгаануудаасаа салах төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад явж байгаа. Одоо дунд хугацаандаа төлбөрийн тэнцлээ сайжруулах бүтэц бол дотоодын үйлдвэрлэл юм. Дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээгээ бид хангалттай өсгөж байж төлбөрийн тэнцлийн гадагшлах урсгалыг богино хугацаанд сайжруулна гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах салбарын төсвийн гүйцэтгэлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ