МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцлээ
2023.07.05
Эдийн засаг, Худалдаа

Нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2023.07.04/ хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах тухай Ерөнхий сайдын захирамжийн төслийг Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор тус тус хэлэлцэн дэмжсэн. Үүний дагуу Ерөнхий сайдын 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар захирамжаар Сангийн сайдад тус Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгосны дагуу Азийн хөгжлийн банктай 2 дугаар сарын 28-ны өдөр хоёр талаас хэлэлцээрт гарын үсэг зураад байна.

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” гэсэн Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нягт нийцэж байгаа бөгөөд хүнсний 19 гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болоход чухал ач холбогдолтой төсөл гэж үзэж байна.

Цаашлаад тус хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд:

  • Нэгт. Аймаг болон сумын төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх, төвлөрсөн дулаан хангамж, ус зайлуулах хоолой, бохир усны хоолой зэрэг аймаг, сумдын дэд бүтцийн дутагдлыг шийдвэрлэх /395.7 сая ам.доллар/.
  • Хоёрт. Агро-бизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс зах зээлээс бага хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа ихтэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүргэх /117.6 сая ам.доллар/.
  • Гуравт. Нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор малчдын бэлчээрлэх дадлыг сайжруулах мөн хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтэд шаардлагатай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрийн паркийн менежменттэй холбоотой төр-хувийн хэвшлийн түншлэлийн зохицуулалтыг судлах зэрэг болно /137.7 сая ам.доллар/.

Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд урьд өмнө байгаагүй өндөр дүнтэй буюу нийт 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг зээлдэгч байгууллагуудаас олгохоор байна.

Түүнчлэн, Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл /130 сая ам.доллар/ нь 0 хувийн хүүтэй, 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 40 жил эргэн төлөх нөхцөлтэй, мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл /270 сая ам.доллар/ нь 2 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй бөгөөд Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй зээл /150 сая ам.доллар/ нь тогтмол 2.92 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн эргэн төлөх нөхцөлтэй нийт 550 сая ам.долларын зээлийн эх үүсвэртэй болно.

Энэхүү Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай” хуулийн 8.1.2-т заасны дагуу Улсын Их Хурлаар заавал соёрхон батлуулах шаардлагатай. Тиймээс соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлд бүх яамдын саналыг авч тусгасан болно хэмээлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улс Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг дэмжиж байгаа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Ногоон хувьсгал”-ын хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудын нэг. 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болбол бид эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр иргэдээ хангах том ажлын эхлэлийг тавина. Бүсчилсэн хөгжлийг хангах, бэлчээрийн доройтлыг бууруулах, агро бизнес эрхлэгчид болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжин, хөдөө аж ахуйн паркуудыг байгуулах нь маш чухал. Урт хугацаатай, бага хүүтэй хөгжлийн зээлээс гадна 78 сая ам.долларын буцалтгүй тусламжийг авах нь бидэнд олдож буй том боломж гэж харж байна.

Гэхдээ гэрээ хэлцэл байгуулахдаа зээлийн үр ашиг Монгол Улсад үлдэх ёстой гэж УИХ-ын гишүүд хэлээд байгааг онцгой анхаараарай. Төсөл, хөтөлбөрөө дагуулаад техникийн тусламж үйлчилгээ нэрээр тоног төхөөрөмжөө өндөр үнэтэйгээр шахдаг явдал давтагдахаас сэргийлээрэй хэмээсэн.

Эцэст нь Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжин, хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт гэж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ