МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэнэ
2023.07.06
Улстөр

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.07.05/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны тайлан, Үндэсний их баяр наадмын хуульд нэмэлт, өөрчлөлт, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Ж.Сүхбаатар хийлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2022 онд 17,1 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 18,1 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөгдсөн дүнгээс 1,8 их наяд төгрөгөөр буурсан ба сүүлийн гурван жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан талаар сайд Ж.Сүхбаатар дурдаад, Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус байнгын хороонд харьяалагдах Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Улсын Их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын нийт 164 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасныг танилцуулав.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 577.7 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 467.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 110.4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 33.5 хувь буюу 193.4 тэрбум төгрөгийг Шадар сайд, 41.3 хувь буюу 238.7 тэрбум төгрөгийг Ерөнхий сайд, 11.2 хувь буюу 64.5 тэрбум төгрөгийг Улсын Их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга, 8.4 хувь буюу 48.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 5.6 хувь буюу 32.5 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын багцын зарлага эзэлсэн байна. Улсын төсвөөс 563.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 15.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороонд харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын төсвийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд таван байгууллагын тайланг нэгтгэгдсэнээс хоёр тайланд дүгнэлт гаргаж, гурван байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан хоёр тайланд “Өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 322.0 сая төгрөгийн зөрчил илэрснээс зөрчлийг арилгах нэг албан шаардлага, дөрвөн зөвлөмж хүргүүлж, нийцлийн зөрчилд хоёр зөвлөмж өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний ажлын бодит гүйцэтгэл 100 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан байна.

  • Монгол Улсын Их Хурлын даргын төсвийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хоёр байгууллагын тайланг нэгтгэсэнээс аудитаар “Өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 115.6 сая төгрөгийн хоёр зөрчил илэрснээс 115.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах хоёр зөвлөмж, нийцлийн зөрчилд нэг зөвлөмж өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний санхүүжилт, бодит гүйцэтгэл 100 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан байна.
  • Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 41 санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 37 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, дөрвөн байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 37 тайлангийн 31-д “Өөрчлөлтгүй”, 6-д “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 26,923.1 сая төгрөгийн 137 зөрчил илэрснээс 24,933.0 сая төгрөгийн зөрчилд 18 төлбөрийн акт тогтоож, 1,104.1 сая төгрөгийн зөрчилд 37 албан шаардлага, 826.9 сая төгрөгийн зөрчилд 80 зөвлөмж өгч, хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлжээ. Үүний дотор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 65.3 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Нийцлийн асуудлаар нийт 1,358.1 сая төгрөгийн 30 зөрчил илэрснээс, 0.8 сая төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт тогтоож, 977.0 сая төгрөгийн зөрчилд найман албан шаардлага хүргүүлж, 380.2 сая төгрөгийн зөрчилд 20 зөвлөмж өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилт 68.1 хувьтай, ажлын бодит гүйцэтгэл 68.9 хувьтай байгаа бөгөөд бүрэн хэрэгжиж дууссан 12, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй 33 төсөл, арга хэмжээ байна.
  • Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 97 байгууллага нэгтгэгдсэнээс 80 тайланд дүгнэлт гаргаж, 17-г аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан 80 тайлангийн 72-д “Өөрчлөлтгүй”, 8-д “Хязгаарлалттай” гэсэн дүгнэлт өгчээ. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 27,238.7 сая төгрөгийн 151 зөрчил илэрснээс 29.1 сая төгрөгийн зөрчилд 20 төлбөрийн акт тогтоож, 21,446.9 сая төгрөгийн зөрчилд 56 албан шаардлага, 5,762.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах 74 зөвлөмж өгч, хоёр албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 122.8 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Нийцлийн асуудлаар нийт 4,146.8 сая төгрөгийн 55 зөрчил илэрснээс, 0.5 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн нэг акт тогтоож, 2,995.3 сая төгрөгийн зөрчилд 17 албан шаардлага, 1,150.9 сая төгрөгийн зөрчилд 37 зөвлөмж өгсөн байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний санхүүжилт 99.6 хувьтай, ажлын бодит гүйцэтгэл 65.9 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан тав, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй гурван төсөл, арга хэмжээ байна.
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 19 байгууллагын тайлан нэгтгэгдсэнээс долоон байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 12-ыг аудитын түүвэрт хамруулсан байна. Дүгнэлт гаргасан долоон байгууллагад “Өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт өгчээ. Санхүүгийн тайлангийн түвшинд нийт 167.2 сая төгрөгийн 21 зөрчил илрүүлснээс 89.2 сая төгрөгийн долоон алдааг залруулж, 89.2 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлж, 78.0 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 14 зөвлөмж өгсний дотор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зөрчилд хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлсэн байна. Нийцлийн асуудлаар нийт 6,562.4 сая төгрөгийн 10 зөрчил илэрснээс 6,523.6 сая төгрөгийн зөрчилд дөрвөн албан шаардлага, 38.8 сая төгрөгийн зөрчилд таван зөвлөмж өгч, нэг албан тушаалтанд хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний санхүүжилт 95.7 хувьтай, ажлын бодит гүйцэтгэл 51.3 хувьтай, бүрэн хэрэгжиж дууссан 13, хэрэгжилт дутуу болон хэрэгжээгүй 18 төсөл, арга хэмжээ байна.
  • Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт өгч, нийт 8.4 сая төгрөгийн гурван зөрчил илэрснээс, 0.5 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож, 7.9 сая төгрөгийн зөрчлийг арилгах хоёр албан шаардлага хүргүүлжээ. Үүнд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой 8.4 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Нийцлийн асуудлаар илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх нэг зөвлөмж өгчээ.
  • Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” гэсэн дүгнэлт өгч, илэрснээс 18.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах гурван зөвлөмж өгсөн байна
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын төсвийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” дүгнэлт өгч, нийт 76.0 сая төгрөгийн гурван зөрчил илэрснийг арилгах нэг албан шаардлага, хоёр зөвлөмж хүргүүлж, нийцлийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх хоёр зөвлөмж өгчээ.

Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг танилцуулгадаа, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, тэдгээрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулахгүй, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин тодорхойгүйгээс үр дүнг бодитой үнэлэх боломжгүй, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналт үр дүнгүй, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоод аудитын нэгж нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд хяналт хийхгүй байгаа нь зөрчил арилахгүй байх гол шалтгаан болж байгааг дурдлаа.

Аудитын Ерөнхий газрын тайлан дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар боллоо.

Үүний дараа тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгажээ.

Байнгын хорооны дарга Н.Энхболдын хийсэн санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Иймд төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Н.Энхболд хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудалтай холбгдуулан Монгол Улсын Засгийн газраас 106, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 27, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 27, Байнгын хороодоос 51, Улсын Их Хурлын гишүүнээс 2 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн талаар дурдав. Тогтоолын төсөлд, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар тогтоол, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд 2023 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр туссан хууль, тогтоолын төслүүд, “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан тавдугаар хавсралтад туссан хууль, тогтоолын төслүүд, мөн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад туссан хууль, тогтоолын төслүүдийг тухай бүр нь хэлэлцүүлэхээр тусгасан байна. Мөн Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Улсын Их Хурлын дарга шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гарсангүй. Санал хураалт явуулахад тогтоолыг төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжив.

Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар “Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд, Бүгд Найрамдах Улс тунхагласан 11 дүгээр сарын 26-ны өдрийг жил бүр нийтээр тэмдэглэхээр заасан болон тэгш ой тохиосон жил Үндсэн хуулийн өдрийг тусгай хөтөлбөрөөр тэмдэглэхээр тогтоосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн ёслолын журам батлах тухай” 2015 оны 119 дүгээр зарлигийг үндэслэн, мөн анхдугаар Үндсэн хуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн ач холбогдлыг тэмдэглэж, Үндсэн хуулиа дээдлэн сахих үзлийг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж уг тогтоолын төслийг боловсруулсан тухай Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцууллаа. Тогтоолын төсөлд анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулах, ойн хүрээнд Үндсэн хуулийг дээдлэх үзэл санааг олон нийтэд түгээн тайлбарлан таниулах, сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах, үүнд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхийг Улсын Их Хурлын Тамгын газарт, түүхэн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх талаар төлөвлөгөө боловсруулж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах зохицуулалтыг тусгасан байна.

Байнгын хорооны даргын хийсэн тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт, санал хэлсэнгүй. Төслийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Үүний дараа тус Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгадаа, Тамгын газар 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнийхөө дагуу 2022 онд 45 зорилт, 306 арга хэмжээг 92.2 хувийн биелэлттэй хэрэгжүүлснийг дурдаж, тус Байнгын хорооноос өмнө өгсөн зургаан чиглэлийн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлснийг танилцуулав. Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хүрээнд Тамгын газраас 2022 онд 557 хуулийн, 84 тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан нь 2021 оныхоос 23 хувиар өсчээ. Мөн Чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны 364 хуралдаан зохион байгуулж, парламентын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэж нийт 31 хууль батлахаас 2022 оны эцэст 18 хуулийг батлаад байсан бөгөөд үүнд Тамгын газраас мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцааг үзүүлсний зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан 83 хууль тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулгыг боловсруулахад дэмжиж ажиллажээ. Үндсэн хуулийн цэцэд гаргах Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 25 тайлбары төсөл, мөн өргөн мэдүүлсэн хууль тогтоомж Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэх талаар долоон дүгнэлт гаргаж, хууль тогтоомжийн 227 бүрдүүлбэрийг хянаж, 1107 төслийн эцсийн найруулгыг хянан албажуулсан байна. Нэгдсэн болон дотоод албан ёсны цахим системд 707 хууль, 179 тогтоолыг байршуулж, эхийг тулган хянаж, Улсын Их Хурлын хууль тогтоох үндсэн чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Үндсэн хууль холбогдох бусад хууль тогтоомжийн нийцлийг хангажээ.

Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хууль, эрх зүйн шинэ орчинд хэрэгжүүлж эхэлсэн онцлог жилүүд байсныг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан таницуулгадаа онцолсон юм. Тэрбээр, 2022 онд хянан шалгах 40 ажлын хэсэгт, 313 гишүүн ажилласныг дурдаад, есөн удаа хяналтын сонсгол явуулсны дотор ерөнхий хяналтын хоёр, хүний эрх, эрх чөлөөг хангах асуудлаар нэг, нэр дэвшигчийн зургаан сонсгол зохион байгуулсныг дурдав. Түүнчлэн дөрвөн удаагийн нээлттэй хэлэлцүүлэг хийсний зэрэгцээ 33 ажлын хэсэг, дөрвөн түр хороо байгуулагдаж, эдгээр ажилд Тамгын газраас мэргэжил, арга зүй, техник туслалцааны зохих туслалцаа, зөвлөгөөг өгч ажиллажээ. Улсын Их Хурлын гишүүд 25 төрийн байгууллага, 15 аймагт очиж ажилласан болон дээр эмийн, нүүрсний, Хөгжлийн банкны асуудлаарх хянан шалгах гурван түр хорооны үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлж, гэрчийг дуудах, шинжээчийг томилон ажиллуулах зэрэг үйл ажиллагаанд процедурын жишиг тогтоож чаджээ.

  • Монгол Улсад парламентын хяналт шалгалтын цоо шинэ тогтолцоо бүрдэж, уг чиг үүргийн хүрээ далайц нэмэгдсэн хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэж, 2022 онд Улсын Их Хурлын давхардсан тоогоор 105 гишүүнээс 336 асуудлаарх 62 асуулга, 41 гишүүнээс 136 асуудлаарх 39 асуултыг Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьсан болон Улсын Их Хурлын хоёр, байнгын хорооны есөн тогтоол, мөн түр хорооны тус бүр дөрвөн тогтоол, тэмдэглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгсөн байна. Ерөнхий сайдын мэдээллийг 2021-2020 онд нийт 23 удаа хийсний зургааг d.parliament цахим системд байршуулж, иргэдээр хэлэлцүүлэн, тэднээс ирүүлсэн асуултыг нэгдсэн хуралдаанд танилцуулж, хариулт авчээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх үйл ажиллагааны хүрээнд долоон удаа хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, Улсын Их Хурлаар холбогдох байгууллагын 38 тайлан, илтгэл, мэдээллийг сонсон, давхардсан тоогоор 636 гишүүн, 1787 асуулт асууж, хариулт авах ажлын бэлтгэл, гүйцэтгэлийг хангаж ажилласан байна.
  • Веб, аппликэйшн хосолсон d.parliament цахим системийг хэрэглээнд нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар 5200 иргэн бүртгүүлж, нийт 210 000 удаагийн хандалт аваад байгаа бөгөөд Монгол Улсын 2023 оны төсвийн болон төсвийн хүрээний мэдэгдлийн уг системээр хэлэлцүүлэхэд 10 500 иргэн оролцжээ. Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны цахим системийг үе шаттайгаар хөгжүүлж, одоо хоёрдугаар үе шатны ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улсын Их Хурлыг цахимжуулах цогц үйл ажиллагаа нь хууль тогтоох, бодлого боловсруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, парламентын ардчиллыг бэхжүүлэх чухал алхам болж буй юм. Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж байгаа “Парламентын боловсрол”, “Өсвөрийн парламент”, “Сургагч багш” хөтөлбөрүүд, Төрийн ордныг нээлттэй болгох аян, орон нутгийн иргэдийн оролцоог хангах “Хууль сурталчлах төв” байгуулах ажлууд үр дүнтэй явагдаж байна.
  • Парламентын судалгаа, сургалтын ажлыг эрчимжүүлж, Улсын Их Хурлын гишүүдэд нийт 31 судалгаа, мэдээлэл бэлтгэж өгсний дотор 81 харьцуулсан судалгаа, таван дүн шинжилгээ, 31 лавлагаа мэдээлэл, 13 тойм судалгаа, мөн нэг контент анализ гаргасан байна. “Парламентын сургалтын цогц хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж, нийт 94 удаагийн сургалт, хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 4300 хүнийг оролцуулжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлж, 23 удаагийн харилцан айлчлалын бэлтгэлийг ханган, хэрэгжүүлсний дээр 47 гадаад арга хэмжээг зохион байгуулсан байна. Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбооны хооронд Хүний эрх жендерийн мэдрэмжтэй парламентыг бий болгох чиглэлээр Санамж бичиг байгуулаад хэрэгжүүлж байна.
  • Улсын Их Хурлын Тамгын газрын 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, М.Оюучимэг, Д.Тогтохсүрэн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нар үг хэлж, саналаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүд Тамгын газрын үйл ажиллагаа, тэр дундаа хууль тогтоох үйл ажиллагаанд зориулан судалгаа, мэдээлэл, лавлагаа бэлтгэн хангаж буй ажилд ихээхэн талархалтай байгаагаа онцолсон юм. Мөн хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх, хэлэлцэн батлах бүх үе шатны ажилд Тамгын газрын албан хаагчид ихээхэн мэргэшиж, ачаалал даан, хууль тогтоогчдод дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, зөвөх талаар сайн ажиллаж байгааг дурдан, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн бүрэн эрхийг тэгш хангаж ажиллах, Засгийн газраас өргөн барьж буй хуулийн төслүүдэд эрх зүйн дүн шинжилгээ, хяналт үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санаачлагатай ажиллах, гадаад харилцааны бодлогыг тодорхой, нягт баримталж ажиллах, 126 гишүүнтэй ажиллах дараагийн бэлтгэл хангах ажлын бэлтгэл, зохион байгуулалтыг оновчтой, үр дүнтэй хийх талаар тодорхой санал, зөвлөмж өгөв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Тамгын газрын үйл ажиллагааг хангалттай сайн гэж дүгнээд, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын эрх, үүрэг парламентын үйл ажиллагааны томоохон хэсэг учир анхаарал хандуулж ажиллахыг зөвлөв. Тэрбээр, Улсын Их Хурлын Тамгын газрын 2021-2022 оны үйл ажиллагааны тайланг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах шаардлагагүй гэж үзсэнтэй Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ