МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.06
Зам, Тээвэр

Т.Энхтүвшин: “Жилд 20 саяас дээш тонн нүүрс экспортолно” гэж тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан 2023.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол-Хятадын 1955 оны Хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна.

 Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Бид тавантолгойн орд газрын нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя хэмээн үзэж байвал, Гашуун сухайт - Ганц модын төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах ёстой. Үүнийг бид олон жил ярьсан.

Тиймээс төмөр зам аа барьж, барьсан төмөр зам аа яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Сүүлийн жилүүдэд тээвэр логистик, дэд бүтэцтэй холбоотой асуудлыг л ярьж байна. Дэд бүтэц ээ яаралтай шийдвэрлэж гэмээ нь ахуй ашиг олох боломжтой. Тиймээс дэмжиж байна.

Гадна, дотнын компани гээд цэц булаалдахдаа асуудлын гол нь бус, яаралтай барьж дуусгахад л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тогтоолын төслийн 4 дэх заалт дээр, “Эрдэнэс тавантолгой” компани хооронд үе шаттай жил бүр 20 сая тонн нүүрсийг харилцан ашигтай, тогтвортой зах зээлийн зарчимд нийцүүлэн урт хугацаанд худалдан авах, гэрээ байгуулахыг зөвшөөрөх” гэж байна. Заавал 20 сая гэж квоттлох хэрэг байна уу. 20 саяас дээш гэдэг байдлаар оруулах хэрэгтэй.

Алтанбулаг боомтоос Замын-Үүд хүртэлх 1100 км дээр УБТЗ 28 сая тонн ачааны эргэлт хийж байна. Тэгвэл яагаад 200 гаран км төмөр зам дээр 20 сая гэж оруулаад байна вэ?

“Жилд 20 саяас дээш тонн нүүрс экспортолно” гэж тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай! Цаашид төмөр зам бодлогын бичиг баримт гарсан байгаа. Бичигт, Хөөд, Чойбалсан, Эрээн цав гэсэн төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх хэрэгтэй. Хэний хөрөнгө оруулалтаар барих нь чухал бус, Монгол Улс эдийн засгийн хувьд хүчирхэг байхад төмөр зам, дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зөв.

ШИНЭ МЭДЭЭ