Олон улсын индексийн үзүүлэлт ба Монгол Улсын өнөөгийн байдал хэлэлцүүлэг өрнүүллээ
2023.07.09
Хууль, эрх зүй

Олон улсын индексийн үзүүлэлт ба Монгол Улсын өнөөгийн байдал хэлэлцүүлэг өрнүүллээ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилготой “Монгол Эдийн засгийн форум-2023” арга хэмжээ 2023 оны 07 сарын 09, 10-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Олон Улсын индексийн үзүүлэлт ба Монгол Улсын өнөөгийн байдал” сэдэвт арга хэмжээ Чингисийн Музейд зохион байгуулагдлаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээний талаарх мэдээллийг танилцууллаа. Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Авлигын эсрэг 5Ш арга хэмжээний талаар эдийн засгийн форумд оролцогчдод мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр Гадаадын хөрөнгө оруулалтын үр ашигт өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг авлига сөргөөр нөлөөлж байгаа. “Транспэрэнси Интэрнэшнл” олон улсын байгууллагаас жил бүр улс орны авлигын төсөөллийн индексийг гаргадаг. Авлигын төсөөллийн индекс гэдэг бол тухайн улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг илэрхийлдэг. Тэр утгаараа авлига, албан тушаалын гэмт хэрэг эдийн засагт хамгийн хор хөнөөлтэй.

Бид авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах цаашилбал эрх зүйн орчноо сайжруулж байж гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой. Тиймээс Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа. 2023-2024 оныг бид Авлигатай тэмцэх жил болгон зарлаж нийгэм, эдийн засаг, эрх зүй, зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цаашид ч хүний эрхийг хангах, нийтийн эрх ашгийг хамгаалж, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахын төлөө үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ.

“Олон Улсын индексийн үзүүлэлт ба Монгол Улсын өнөөгийн байдал” сэдэвт арга хэмжээний үеэр Монгол Улсад төрийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ